• ЗТЯ-нд хүний амь хохироосон гэх Б.Махбалд холбогдох хэргийг шүүнэ

    Зам, тээврийн хөгжлийн яамны байранд Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амийг хохироосон хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 9-ны өдөр гарсан.

    Энэхүү хэргийг шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорт арваннэгдүгээр сард шилжүүлсэн. Уг хэрэгт тус яамны газрын дарга асан Б.Махбалаас гадна нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд түүнийг батлан даалтад гаргаж, Б.Махбалыг цагдан хорьсон хэвээр байна.

    Тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л-ийг яллагдагчаар татсан юм. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, шүүхэд хэргийг шилжүүлжээ.

    Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг 2019 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр товлогдсон байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хурлын товыг гаргах эсвэл хэргийг мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдвэрлэх юм.

    Яллагдагчаар татагдсан Б.Махбалыг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьж байгаа бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн 10.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж. Уг хуулийн заалтад “хүнийг алсан бол найман жилээс 15 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

    Т.Гомбосүрэн агсаны аав өнгөрсөн наймдугаар сараас хойш хүүг нь хөнөөсөн хэргийн талаарх үнэн, зөвийг олуулахаар шийдвэртэй явж байсан ч өнгөрсөн 12 дугаар сард өвчний улмаас нас бараад буй.

    С.Баатар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ