Зөвд зөөлөн, бурууд хатуу байхыг хичээн ажиллахаа илэрхийлэв

УИХ-ын гишүүн Ч.Улаан салбарын сайдаар томилогдон ажлаа хүлээн аваад буйтай холбогдуулан өнөөдөр ХХААХҮЯ-ны удирдлага, албан хаагчид, харьяа байгууллагын удирдлагын нэгдсэн шуурхай хурал болов.

Хурлыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле удирдаж, шинэ сайд Ч.Улааныг албан ёсоор танилцуулсны дараа сайд өөрийн баримтлах бодлого, зарчим, ажиллах арга барилын байр сууриа илэрхийлэхдээ, “Юуны өмнө яамны удирдлагын өмнөх алдаатай бодлого, үйл ажиллагааг засч, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгүй байх, хууль бус үйл ажиллагааг салбарынхаа бүхий л түвшинд таслан зогсоож алдаа завхралыг давтан гаргуулахгүй байхад онцгой анхаарч ажиллах”-аа онцолж байв.

Үргэлжлүүлэн тэрээр, “Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэр бол нөхөн сэргээгддэг, материаллаг баялгийн үйлдвэрлэл эрхэлдэг, бүтээлч, түүхэн уламжлалтай, өндөр нэр хүндтэй, улсын тэргүүлэх салбар. Энэ салбарын яам бол төрийн чухал институц. Салбарын аливаа бодлого, шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн, бодит баримт, судалгаа, нотолгоонд тулгуурласан байх ёстой. Тиймээс яамны албан хаагчдын мэргэшсэн тогтвортой байдлыг хадгалж, сахилга хариуцлагыг чангатгана. Төрийн албаны шинэчилсэн хуулийн дагуу төрийн албыг бүрдүүлэх, ажилтнуудыг сонгон шалгаруулах, томилох, үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, урамшуулж дэмжих, хариуцлага тооцоход чадахуйн зарчмыг хатуу баримталж, зөвд зөөлөн, бурууд хатуу байхыг ямагт хичээнэ ажиллана” гэдгээ илэрхийлэв.

ХХААХҮЯ-наас одоогоор Бэлчээрийн тухай болон Таримал ургамлын үр сортын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх, ЖДҮ, хоршоо, ахуй үйлчилгээ зэрэг салбарын үндэсний хөтөлбөрийг батлуулах, зарим бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байгааг дэд сайд Ж.Сауле онцолж байлаа.

Б.БИЛГҮҮН

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ