Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг боллоо

2019-01-04

Ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлгийн  зорилго нь REDD+ буюу “Ойн хомсдол, доройтлыг бууруулах Үндэсний хөтөлбөр”-ийн төслийг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн, судлаач, олон нийт, холбогдох бусад оролцогч талуудаар хэлэлцүүлэх, тэднээс санал авах, баталгаажуулах юм. Хэлэлцүүлэгт ойн ангиуд, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газрууд, ойн нөхөрлөлүүд, ойн мэргэжлийн байгууллагууд, Засгийн газар, ХХААХҮЯ, Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид оролцож байгаа юм.

Өнөөдрийн хэлэлцүүлгийн зорилго болоод үндэсний хөтөлбөр хэрэгжснээр өгөх үр дүнгийн талаар БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Оюунсанаа хэлэхдээ,

НҮБ-ын ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийг бууруулах хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төсөл хэрэгжүүлсэн. Үр дүнд нь Монгол орны ойг доройтуулж, хомсдуулж буй хүчин зүйлүүдийг эрэмбэлсэн. Хомсдол, доройтлыг нэмэгдүүлж буй хүчин зүйлийг тодорхойлж, энэ чиглэлд үйл ажиллагаа явуулах нь хөтөлбөрийн зорилго.

Ой эрүүл, чийрэг байх ёстой. Гэтэл сүүлийн арван жилд 150-200 мянган га талбай түймэрт өртөж доройтсон байна. Байж болох их хэмжээгээр гарсан нь доройтол, хомсдол бий болгож байна. Бид төсөвтэй холбоотойгоор жилд 220-230 мянган га талбайд хортон шавьжтай тэмцэх арга хэмжээг зохион байгуулж байна. Шаардлагатай талбай нь 500 орчим мянган га.

Дэлхий нийт тухайн салбар дангаараа асуудлыг шийдвэрлэх боломжгүй тул ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх буюу олон талын оролцоог чухалчилж байна. Хөтөлбөрийн хүрээнд бид олон улсад амжилттай хэрэгжсэн хэд хэдэн зорилтыг тавьсан. Сэрүүн бүсийн орноос анх удаа энэ санхүүжилтийг авсан орон нь Монгол Улс болж байна. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ойн экосистемийг бүрдүүлэх, ногоон ирээдүйд чиглэсэн тогтвортой эдийн засаг, амьжиргааг бий болгох бөгөөд дэлхий нийтийн өмнө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахтай холбоотой хүлээсэн үүргээ биелүүлэх юм. Мөн REDD+ төлбөрийг хүртэх эрхтэй болно.Бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бодлогоо тодорхойлж, цаашид үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөрийг боловсруулсан. Бид өнөөдөр Засгийн газарт өргөн барих хөтөлбөрийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна гэлээ.

 

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ