Ш.Батсүх:Улстөрч хүн аливаа юмсаас,хүмүүсээс зай барих чадвартай байх их чухал

Дэлхийн 1-р дайны дараахь Европын хямралын үед төрсөн Германы алдарт  эрдэмтэн, социалогийн шинжлэх ухааныг үндэслэгч, философич, төрийн удирдлага захиргааны шинжлэх ухааныг үндэслэгчдийн нэг Макс Веберийн “Улстөр мэргэжил болох нь” ном монгол хэл дээр хоёронтоо хэвлэгдэж гарчээ.

Уг номын нэрийг уншаад л улстөр мэргэжил юм бол Монголын улстөрчид хэн юм бэ? Гэх асуулт урган гарна. Уг номыг орчуулан гаргасны дараа Германы ЭСЯ, Удирдлагын академиуд дээр хэлэлцүүлгүүд болжээ.

“Энэ ном нь их ач холбогдолтой ном. Яагаад гэвэл манай өнөөгийн улс төрийн нөхцөл байдал, асуудалд хандаж байгаа, ёс зүй алдагдаж байгаатай холбоотой уншиж ойлгох шаардагатай чухал ном юм” гэж Удирдлагын академийн дэд захирал, доктор, профессор Ш.Батсүх хэлэв.

Доктор, профессор Ш.Батсүхээр  уг номын тухай яриулснаа толилуулж байна. 

-Макс Вебер энэ  номондоо яг юун тухай бичсэн бэ?

-Макс Вебер энэ  номондоо хоёр тодорхой зүйлийг бичсэн. Анх 1919 оны нэгдүгээр  сард Германы Баваар муж улсын Мюнхэн хотод оюутнуудад лекц уншсан. Уншсан лекцээ баяжуулаад ном болгож гаргасан.Яагаад гэхээр дэлхийн нэгдүгээр дайн дөнгөж дуусаад Европт эмх замбраагүй байдал бий болж, Германд анархи засаг тогтсон, парламентын засаглалыг дөнгөж төлөвшүүлэх гэж ядаж байсан ийм үед улс төрчдөд болон улс төрийн үйл хэрэгт оролцдаг хүмүүст хандаж Макс Вебер энэ лекцээ уншиж ном болгож гаргасан байгаа.

Макс Веберийн хэлсэн гол санаа бол хүн төрөлхтөн үүсч бий болоод хүмүүс нэгдэж, улс байгуулж төрт улсыг бий болгоод, төрийг төлөвшүүлэхдээ гурван зүйлийг анхаарах ёстой гэж хэлсэн.

Нэгдүгээрт,Уламжлагдаж ирсэн ёс суртахууныг анхаарах ёстой. Түүгээр ноёлох ёстой. Тэр нь  уламжлалаа мэддэг, тэрийгээ дээдэлдэг хүмүүс төрд байж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн санааг Вебер хэлсэн. Мэдээж уламжлалд хуучны хуучирсан зүйлүүд их байдаг, түүнийг шинэчлэх шаардлагатай гэж   хэлсэн.

Хоёрдугаарт,Харизматик шинж буюу хүнийг өөртөө татах чадвар, өөрөө хүлээн зөвшөөрөгдөх байдал нь улс төрийн лидерүүдэд чухал гэсэн.

Тэгэхээр улс төрчид, улс төрийн лидерүүд ялангуяа улс төрийн намын дарга бол харизматик чанартай байх ёстой, бусдад хүлээн зөвшөөрөгдөж бусдад итгэл өгөхүйц байх Click To Tweetёстой гэсэн зүйлийг хэлсэн.

 Гуравдугаарт,Хуулийг дээдэлдэг байх ёстой, нэгэнт мөрдөж буй хууль тогтоомжууд, дүрэм журмуудыг мөрдөж ажиллах ёс зүйтэй байх ёстой гэсэн ийм гурван зүйлийг хэлсэн.

Тэгэхээр төрийг удирдаж байгаа хүмүүс бол ийм гурван зарчмыг дагаж мөрдөж чадах юм бол төр төр шиг байна л гэсэн санааг Макс Вебер тэр үед хэлж, улс төрчдөд гурван чухал шаардлага тавьсан.

Тэрээр өөрөө улс төрчдөд байх ёстой чанар гэж хэлээд байгаа энэ бол зарчим л даа. Ер  нь Макс Вебер өөрийнхөө зохиол бүтээлд туулийн шинжтэй зүйлүүд өөрөөр хэлбэл энд хүрээсэй гэсэн эрмэлзлэл, байх ёстой тэр зүйлүүдийг гаргаж ирсэн.

Улс төрчдөд байх ёстой гурван чанар нь:

 Нэгдүгээрт,Хэлэлцэж байгаа асуудал юмуу ярьж байгаа асуудалдаа чин сэтгэлээсээ ханддаг, улс төрийнхөө үйл хэрэгт өөрөө чин сэтгэлээсээ ханддаг байх ёстой.

 Хоёрдугаарт,Үүргээ ухамсарлах хэрэгтэй, нэгэнт л сонгогдож гарч ирсэн бол тойргийнхоо сонгогчдын өмнө хариуцлагаа ухамсарласан байх ёстой.

Гурав дахь чухал чанар бол:Аливаа юмсаас болон аливаа хүмүүсээс зай барих чадвартай байх ёстой. Энэ бол их чухал зүйл л дээ.

Өөрөөр хэлбэл, ах дүүсээ албанд  оруулахгүй байх. Жишээ нь, өнөөдөр манайд шуугиан дэгдээгээд байгаа  ЖДҮ-ээс зээл авах ёсгүй байх нь. Танил тал, найз нөхдөө албанд авахгүй байх ч юмуу, түлхүү анхаарахгүй байх зэрэг зай барих чадвар улс төрчдөд чухал.Ийм гурван чадварыг улс төрч өөрөө эзэмшсэн байх ёстой. Энэ зүйл эвдэгддэг хамгийн ноцтой зүйл бол улс төрчдөд чамирхал гээд байгаа юм.

Жишээлбэл, зарим улс төрчид камер харахаараа шал өөр болоод хувирчихдаг. Өөрийгөө илэрхийлэх гэж үзээд тэрнээсээ болоод сэтгэл хөдлөлд автагдаад энэ гурван чухал зүйлээ мартаад буруу зүйл рүү хандаж байна. Энэ бол байж болохгүй зүйл, улс төрчдийг сүйрүүлдэг зүйл гэж Макс Вебер хэлсэн. Сайн улс төрч байх чанарыг алдагдуулдаг зүйл бол чамирхал шүү гэж хэлсэн байгаа.

-Макс Веберийн зарчмыг  тухайлбал Герман өөрөө дагаж мөрдөж ирсэн үү?

-Макс Веберийн хэлсэн зүйлүүдийг зарим улс орон нарийн сайн сахиж байна. Тухайлбал, Хятад бол төрийн хүмүүсийг хоёр  зүйлд сургадаг.

Нэгдүгээрт,байлдаант улсуудын түүхээ маш сайн мэддэг өөрөөр хэлбэл өмнөх эзэнт гүрнүүдийн тэмцлийн түүхүүдийг судалсан байх нь чухал.

Хоёрдугаарт,Күнзийн суртлаа сайн мэддэг байх ёстой.  Күнз нь ёс зүйн сургаалиудыг бий болгосон.

Хятадын улс төрчид, төрийн том албанд явж байгаа улсууд бол Күнзийн суртлаа дээд зэргээр эзэмшиж сахиж ажилладаг.

Байлдаант улсуудын түүхээ мэднэ гэдэг нь  улсынхаа стратеги, тактик, хөгжлийн бодлогыг зөв барьж явах, уламжлалаа хадгалж, залгаж, шинэчилж анхаарах боломжийг өгдөг сайн талтай.

Герман мөн Макс Вебер өөрөө эрхэмлэж байсан зүйл бол төрийн албанд, төрийн албан хаагч уламжлагдаж ирсэн зарчмуудаа мөрдөх ёстой гэж үзсэн.Германы орчин үед мөрдөх байгаа үндсэн хуулинд Германы төрийн албанд уламлжлагдаж ирсэн зарчмуудыг мөрдөж ажиллах ёстой гэсэн хууль байдаг. Тэр нь арваад зүйл байдаг. Тухайлбал, төрийн албан хаагч бол төр түмний төлөө үнэнчээр зүтгэх ёстой. Төрийн албан хаагчдыг насан туршид нь төрийн албанд томилох ёстой, тэрнийх нь төлөө төрөөс   шан харамж хүртээдэг байх, төрийн албан хаагч ажил хаяж болохгүй  гэх мэтчилэн заалтууд тусгасан байдаг.

Төрийн албан хаагч  ҮЭ-д эвлэлдэн нэгдэж болдог ч гэсэн ажил хаяж болохгүй, төвийг сахисан байх ёстой, ажлын үр дүнгээр  албан тушаал ахиж дэвшдэг зарчим бол XVIII зууны үеэс л Германд мөрдөгдөж ирсэн.

Ер нь дундаас дээш /манайхаар ахлах түшмэлийн алба/ албан хаагчдыг их, дээд сургууль төгсөөд хоёр жил тусгайлан төрийн албаар мэргэшүүлж, олон төрлийн сургалтуудад хамруулж, олон газруудад ажиллуулж байж өндөр албан тушаалуудад  тавьдаг, уламжлалаа мэддэг байх гэх мэт зарчмыг том гүрнүүдэд  баримталж ажиллаж байна. Монголд бас ийм зүйл бий байх. Бид Чингисээ дээдлээд ярьдаг болохоос яг Чингисийн үед яаж байсан гэдгийг баримтаар нотолсон зүйл цөөхөн. Үүнийг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай. Монгол бол төрт ёсны түүхэн уламжлалтай, олон жилийн эзэнт гүрэн байсан харьцангуй удаан оршин тогтносон улс. Мэдээж энд аваад ашиглах зүйл байж таараа.

СЭТГҮҮЛЧ:Улстөр бол мэргэжил болох нь” номын тухай ярьсан доктор,профессор Ш.Батсүхийн ярианаас, Монголд улстөрчдийг мэргэшүүлэхэд улстөрийн намууд онцгой анхаарч ажиллах шаардлагатай юм байна гэж бодогдов.

Улмаар Макс Веберийн дэвшүүлэн тавьсанчлан: 

  • Уламжлал,ёс суртахуунаа дээдлэхэд суралцсан
  • Хүнийг өөртөө татах чадвартай,хүлээн зөвшөөрөгдсөн
  • Хуулийг мөрддөг
  • Улстөрийн үйл хэрэгтээ чин сэтгэлээсээ ханддаг
  • Үүргээ ухамсарласан
  • Ах,дүү,хамаатан садан,танил талаасаа болон аливаа хувийн сонирхлоос зайгаа барьж чаддаг хүмүүсийг гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай болжээ.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

3 × 4 =