Америкчууд ухаалаг утасны дэлгэцээ засуулахад 3.4 тэрбум ам.доллар зарцуулжээ

АНУ-ын хэрэглэгчдийн ухаалаг утасны гэмтэлтэй холбоотой шинэ статистик судалгааг “SquareTrade” компани гаргалаа.
SquareTrade нь хэрэглэгчдийн ухаалаг утасны гэмтлийг засах багц үйлчилгээ эрхэлдэг юм. Ухаалаг утасны дэлгэц болохоо байсан хойно л хэрэглэгч засварын газарт ирдэг. АНУ-ын гурван хэрэглэгч тутмын нэг нь утасныхаа дэлгэцийг гэмтээдэг нь шинэ судалгаагаар тодорчээ.
Өнгөрсөн 2017 оны байдлаар америкчуудын 66 хувь нь гар утсаа санаандгүй эвджээ. Статистикаас үзвэл гар утасны дэлгэц хамгийн амархан эвдэрдэг байна. Хэрэглэгчдийн 29 хувь нь утасныхаа дэлгэцийг хагалсан бол 27 хувийнх нь дэлгэц зураас гарчээ. Ухаалаг утасных нь зай-батарей цэнэг авахаа байсныг хэрэглэгчдийн 22 хувь гомдоллов. Харин дэлгэцний сенсор-мэдрэгч ажиллахаа больсон, гар утасны их бие хагарсан хэмээн хэрэглэгчдийн тус бүр 16 нь мэдүүлсэн юм.
Хэрэглэгчдийн 74 хувь нь гар утсаа газар унагаснаас болж эвдсэн хэмээн хариулсан байна. Гар утас халааснаас сугарч ойчоод хэмхэрчихлээ гэсэн хариултыг 49 хувь нь өгчээ. Усанд норгоод эвдсэн хэрэглэгчид 39 хувьтай байгаа бол 26 хувь нь угаагуурын тосгуурт алджээ. Ойролцоо тооцоогоор өнгөрсөн онд АНУ-д хоёр секунд тутамд ухаалаг утасны нэг дэлгэц буюу нийт 50 сая дэлгэц хага үсэрсэн тооцоо гарсан байна.
Дэлгэцээ засуулахад америкчууд 2017 онд 3.4 тэрбум ам.доллар төлсөн байна.
“Өнөөгийн битүү шилэн хийцтэй ухаалаг утас харахад дэгжин ч халааснаас унах төдий доргилтыг тэсэхээргүй эмзэг” байгааг тус компани анхааруулж байна.
Apple iPhoneX, Samsung Galaxy S9 гэх мэт үнэтэй утсаар гангарагчид засварын үнэ санаснаас нь хавьгүй өндөр тусна гэдгийг ихэвчлэн хожуу ухаардаг байна. Хэрэглэгчдийн 38 хувь нь хагарсан дэлгэцтэй утасныхаа засварын өндөр үнээс айгаад тэр чигээр нь хэрэглэдэг. Мөн дэлгэц нь хагарсан утастай хэрэглэгчдийн 61 нь хувь нь засварын үнэ нэг мөсөн хямдарсан хойно засуулдаг ажээ.
Засварт өндөр үнэ төлөхгүй гэвэл ухаалаг утас хэрэглэгчид дэлгэцийн хамгаалалт, кэйс хэрэглэхийн зэрэгцээ засварын багц үйлчилгээнд хамрагдахыг “SquareTrade” зөвлөж байна.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

5 × three =