Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг “Тэмээний баяр” болгон улс орон даяар уламжлал болгон тэмдэглэхээр Дундговьд болсон тэмээний баярын үеэр шийдвэрлэв. Энэ нь өвлийн аялал жуулчлалыг төрийн бодлогоор дэмжих томоохон алхам юм.
“Тэмээн дээрээс наран ойрхон” баяр нь нүүдэлчин соёл, тэмээн сүргийн гайхамшгийг дэлхий нийтэд сурталчлах томоохон талбар болж чадав. Тэгвэл удахгүй буюу гуравдугаар сарын эхээр Хөвсгөл нуурын мөсөн дээр болох “Хөх сувд” мөсний баяр энэ эрч хүчийг үргэлжлүүлж, Монголын өвөл зөвхөн хүйтэн биш, харин адал явдал, өнгө будгаар дүүрэн гэдгийг батлах гэж байна.
Эдгээр өвлийн эвентүүд нь Монголын аялал жуулчлалын салбарт стратегийн бодит хувь нэмэр оруулж байгааг дараах тоон үзүүлэлт болон үр дүнгээс харж болно.
Тоон үзүүлэлт: Өвлийн жуулчдын дээд амжилт
Аялал жуулчлалын салбар улирлын хамаарлаасаа салах чиг хандлагатай байгааг статистик баримтуудаас харж болохоор. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын мэдээллээр 2024 оны нэгдүгээр сард Монгол Улсад 28,101 гадаад жуулчин ирж байсан бол 2025 оны нэгдүгээр сард энэ тоо 33 462 болж, 19.1 хувиар өсжээ. Энэхүү өсөлтөд Ерөнхийлөгчийн зарлигаар баталгаажсан Тэмээний баяр болон олон улсад хэдийнэ танигдсан Мөсний баяр зэрэг өвлийн арга хэмжээнүүд голлох нөлөөг үзүүлж байна.
Орон нутгийн эдийн засгийн “Цас, мөсний” орлого
Тэмээний баяраар говийн бүс рүү, мөсний баяраар Хөвсгөл рүү чиглэх олон мянган аялагчдын урсгал нь орон нутгийн иргэдэд шууд ашиг тусаа өгдөг. Гэр буудал, хоолны үйлчилгээ, гар урлалын бүтээгдэхүүн борлуулагчид болон малчдын хувьд энэ нь өвлийн зогсонги үед орлого олох томоохон боломж юм. Судалгаагаар өвлийн нэг жуулчин Монголд аялахдаа дунджаар 2-8 сая төгрөг зарцуулж байгаа нь үндэсний эдийн засагт оруулах бодит хувь нэмэр болж байна.
Нүүдэлчин соёлын дархлаа ба дэлхийн сурталчилгаа
Тэмээний баярыг нэгдүгээр сарын 24-нд уламжлал болгон хуульчилсан нь малчдын хөдөлмөрийг үнэлэх, залуу үед өв соёлоо өвлүүлэх ач холбогдолтой. Мөсний баярын үеэрх мөсөн дээрх шагай, бөө мөргөлийн зан үйл, тэмээний уралдаан зэрэг нь гадаадын гэрэл зурагчид, влоггерууд болон соёл сонирхогчдын хувьд дэлхийн өөр хаана ч давтагдашгүй “контент” болдог. Энэхүү органик сурталчилгаа нь Монгол Улсыг дэлхийн аялал жуулчлалын газрын зурагт “өвлийн адал явдлын төв” гэж тодорхойлоход тусалж байна.
Байгальд ээлтэй, тогтвортой хөгжил
Мөсний баяр зэрэг арга хэмжээ нь байгаль хамгаалал, экологийн боловсролыг аялал жуулчлалтай хослуулдаг. Хөвсгөл нуураа хайрлах, байгальдаа хоггүй аялах уриалгууд нь жуулчдад зөв дадал суулгахаас гадна эко-аялал жуулчлалын суурийг бэхжүүлж байгаа юм.
Монголын өвөл бол “мөс ба тэмээ”-ний өвөрмөц хослол, нүүдэлчин ахуйн амьд музей юм.
