Л.Оюун-Эрдэнэ: Иргэд өдрөөс өдөрт хэрсүүжиж, ард түмний шударга ёсны туг өндөрт мандсан тул бид энэ тэмцэлд ялж чадна

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нам, эвслүүд сурталчилгааны нээлтээ хийлээ. МАН-ын сонгуулийн сурталчилгаа Тусгаар тогтнолын ордонд болов. Уг нээлтэд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгээс хүргэе.

Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Иргэдийн идэвхитэй оролцоонд тулгуурласан нэн шинэ үеийн парламентийг энэ сонгуулиар эхлүүлж байна. Улс орон бол хүний биетэй адил эд эрхтэн нь эрүүл, дархлаа нь сайн, эрүүл эрч хүчтэй байдагтай адил амьд организмыг доголдуулж буй суурь шалтгааныг оношилж, үүнийг эмчлэх суурь реформыг цаг алдалгүй хийх ёстой. Реформ бол хуучин замнал доторх үнэт зүйлийн дахин төрөлт юм. Мартагдсан зорилгоо санах, алдагдсан зарчим руугаа буцах эргэлтийн цэг юм.

Ардчилсан хувьсгалын анхдагч С.Зоригийн хүсэж мөрөөдөж байсан Ардчилсан хувьсгалын анхны үнэт зүйлийг эргүүлэн авч ирэхийн төлөө томоохон хэмжээний реформ хийх цаг болсон байна.

Ардчилал бол хэн нэгэн хүний хувьчлах өмч огт биш, аль нэг улс төрийн нам өмчлөх өмч биш. Албан тушаалаар үнэт зүйлээ сольсон хүмүүсийн авлигын хэрэгсэл биш. Ардчилал бол энгийн иргэдийг утсаар чиглэл өгч, эрүүдэн шүүдэг улс төрийн тусгай эрх ямба, хүүхдийн сургууль цэцэрлэгийн газрыг хувьдаа завших явдал биш.

Ардчилал бол хүн бүхэнд тэгш хандах нийгмийн үнэлэмж, иргэн бүрд тэгш үйлчилдэг эрх зүйт төр, шударга шүүх юм.

Ардчиллын хоёр дахь давалгаа болсон реформ зайлшгүй шаардлагатай байна.

Шинэ сэргэлтийн реформ гацсан бүхнийг хөдөлгөх, гажсан бүхнийг засах, эдийн засгаа өрх бүхэнд хүртээмжтэй болгох, ардчилсан парламентийн засаглалаа авч үлдэх, парламентад итгэх итгэлээ сэргээх та бидний тэмцэл байх болно.

Өнгөрсөн жилүүдэд авлигатай тэмцэх ковидтой тэмцэхээс хэцүү байлаа.

Авлигыг үл тэвчих нийгмийн сэтгэл зүй тогтож, түмэн олон өдрөөс өдөрт хэрсүүжиж, ард түмний ёс зүйн өндөрлөгт шударга ёсны туг өндөрт мандсан учраас бид энэ тэмцэлд ялсан.

Алсын хараа-2050, Шинэ сэргэлтийн бодлогод үндэслэн ирэх дөрвөн жилийн эдийн засгийн төлөвлөгөөг танилцуулья.

Ирэх дөрвөн жилд дэлхийн эдийн засаг гурван хувийн өсөлттэй байх бол бид бүхэн дэлхийгээс хоёр дахин өндөр өсөлттэй байх хариуцлагыг үүрнэ. Намын жагсаалтыг бүрдүүлэхдээ инженер, мэргэжилтнүүдээ урьж, улс төрчдийг тойрогт өрсөлдүүлэх шийдвэрийг Ерөнхий сайдын хувьд гаргасан. Ирэх дөрвөн жил хот хөдөөгийн сэргэлт, бүсчилсэн хөгжилд түлхүү чиглэх болно.

Намын жагсаалтынхаа нэгдүгээрт Ази, Америк зэрэг 10 улсын хот төлөвлөлтөд ажилласан Г.Лувсанжамцийг  урьсан. Бид бүс бүхнийг холбосон дэд бүтцийг байгуулна. Мянганы зам төслийн үргэлжлэл болгож аймгийн төвүүдийг хооронд нь, мөн боомтуудыг хооронд нь, аймгитйн төвүүдийг боомтуудтай холбосон “Таван тойрог” төслийг хэрэгжүүлж дуусгана.

Энэ бол ажлын байр шинээр нэмэгдүүлэх дэд бүтцийн сэргэлт болох болно. Үүнд суурилж, Шинэ хороо хөдөлгөөнийг орон даяар өрнүүлнэ.

20 минутын хотыг байгуулахын тулд Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалтаас гурав дахин хөрөнгө оруулалтыг оруулж, эмнэлэг, сургууль, ногоон байгууламж зэрэг стандартын хотыг бий болгоно. Үүний суурь болсон дэд бүтцийн асуудлын хөрөнгө оруулалтыг Засгийн газар эхний 100 хоногтоо санхүүжилтийг шийднэ.

Хотын төвийг Хөшигийн хөндийтэй дэд бүтцээр холбоно. 3,4-р хороололтой дүйцэхүйц 3-4 хорооллыг бий болгох боломжийг Хуримтлалын нэгдсэн сан бидэнд олгоно.

Өнгөрсөн хугацаанд боомтын боомийг тайлж, экспортын шинэ төмөр замуудыг тавьж, өргөн нарийн царигийн маргаантай хил холболтыг цэгийг тохирсноор ДНБ 36 наядаас 73 наядад хүрсэн.

Нэг хүнд ногдох ДНБ 3000-аас 5975 ам.долларт хүрч чадсан. Энэ бол гурван жилийн хугацаанд томоохон хэмжээний үсрэлт байсан.

Нэг хүнд ногдох ДНБ 10000 доллараас дээш гарахад улс орны үсрэнгүй хөгжил эхэлдэг. Ирэх дөрвөн жилд Эрчим хүчний томоохон сэргэлт, реформыг хийх болно. Үүнийг хийж чадна гэж Австралийн Миддлетаун группийн Эрчим хүчний ахлах инженер М. Энхцэцэгийг нэр дэвшүүлж байна.

Энэ удаагийн сонгууль тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ардчиллаа дэлхийн геополитикийн давалгаанд хамгаалан авч үлдэх хариуцлагатай сонголт байх болно. Тийм ч учраас МАН-ыг сонгохыг уриалж байна. Ардын намын ялалт бол ард түмний ялалт байх болно. Шударга ёсны тэмцлээ үргэлжүүлж, ардчилсан хувьсгалын гажуудсна үнэт зүйлээ сэргээж, С.Зоригийн хэлснээр “Монгол хүнийхээ саруул ухаанд итгэж”, авлигачид, бүлэглэл ялах уу ард түмэн ялах уу гэдэг түүхэн сонголтыг энэ сонгуулиар хийнэ. АН-ын сонголт бол Ерөнхий сайдтайгаа хамт авлигын эсрэг хийх тэмцлийн ялалт байх болно.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn