Л.Оюун-Эрдэнэ:Энэ сонгууль нам хоорондын өрсөлдөөн биш

УИХ-ын сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс албан ёсоор эхэлж байна.

Энэ удаагийн сонгуулийн өрсөлдөөн намуудын хооронд биш, авлигачид болон ард түмний дунд явагдана гэж Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ. Сонгогчид МАН ба АН, эсвэл ХҮН нам, “Үндэсний эвсэл” гэж өрсөлдөөнийг харж байгааг МАН-ын дарга ийнхүү өөрөөр харж байна.

Тэрээр сүүлийн хагас жил шахам МАНАН бүлэглэл буюу нам дамнасан бүлэглэлийн толгойлогч Ц.Элбэгдоржтой хэвлэл, сошиалаар тэмцэж байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар л МАНАН-г нэг мөсөн дарж авахгүй бол Монгол сүйрнэ хэмээн мэдэгдэж байгаа. Тиймдээ ч МАН “Ард түмний ялалт” уриатай сонгуульд оролцож байна.

МАН-ын даргынхаар намууд хоорондоо өрсөлдөхгүй энэ сонгуулиар тэгвэл сонгогчид хэнийг ялгаж харж саналаа өгөх вэ?

Шуудхан хэлэхэд МАН-аас ч, АН-аас ч Ц.Элбэгдоржийн гэгдэх хүмүүс, Х.Баттулгын гэгдэх хүмүүс нэр дэвшиж (Х.Баттулга бүр өөрөө дэвшиж байгаа) байгаа. Аль нэг бүлэглэлд ороогүй өөр өөрсдийнхөө чигийг бариад явж буй дэвшигчид ч бий. Гэхдээ л томоор нь харж саналаа өгөх шаардлагатай бололтой.

Улстөрийн хүрээний шинжээчдийн дүгнэлтээр, хуучин МАНАН сарниж, шинэ МАНАН үүссэн гэх нь ч бий. Хуучин бол сонгогчид намуудыг нь хараад л сонголтоо хийдэг байсан бол энэ удаа тэгэж сонгож болохгүй ихээхэн ээдрээ будилаантай сонгууль болж байна.

“Цагаан суварга”-ын  ордыг 100 хувь эзэмшиж байгаа гэдгээр “Үндэсний эвсэл”-ийн Н.Номтойбаяр МАНАН-тай нэг тал хэмээн Л.Оюун-Эрдэнэ зарлаж байна. Гэтэл нэг талын дарангуйлал тогтох гэж байгаа энэ үед Н.Номтойбаяраас өөр тэмцэж чадах хүн байхгүй гэлцэнэ.

Юутай ч энэ сонгууль сонгогч олноос ихээхэн мэргэн ухаан шаардсан сонгууль болох нь ээ.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn