Шинэ 30 жилийн эхлэлийг тавих нэр дэвшигчид дунд бүлэглэлийнхэн багтжээ

Монголын улстөр, бизнесийн хамгийн том  хоёр бүлэглэлийн нэг нь Ерөнхийлөгч асан “Женко” хэмээх Х.Баттулгынх, Хоёр дахь нь “МСS”-ийн бүлэглэл.

Энэ хоёр бүлэглэл сүүлийн 20 жилд дээр, доороо орон цагийн цагт хоорондоо үзэлцсээр ирсэн. Үүнийг хэвлэлийн хуудас сөхөхөд харагдана. Энэ удаа УИХ-ын сонгуульд хоёр бүлэглэлийнхэн хүчээ дахин нэг үзэх гэж байна. Өмнө нь ч сонгуулиудад яс үзэцгээдэг л байсан.

Мөн сүүлийн хэдэн сонгууль ч Сү.Батболдын офшор, гадаад дахь хаус, шилтгээн хөрөнгө зоорийн мэдээгээр эхэлдэг болсон. Энэ жил ч ялгаагүй л уг асуудал яригдсан.

“МСS” бол бүр анхны бүлэглэл гэж болно. Тус бүлэглэлд Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Сү.Батболдоос эхлээд УИХ-ын гишүүн, сайд Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Элдэв-Очир гээд МАН-ын гишүүд багтаж ирсэн. АН-аас УИХ-ын гишүүн, сайд асан С.Баярцогт, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарыг ч хамруулах нь бий.

Эдгээр улстөрчдийн ихэнх нь энэ сонгуулиар УИХ-д нэр дэвшсэнгүй. Гэхдээ Л.Энх-Амгалан, Д.Цогтбаатар нар тойрог, тойрогтоо нэр дэвшээд байна. Гэхдээ Л.Энх-Амгалангийн нэр дэвшсэн тойрогт нь “Женко” Х.Баттулга өөрөө нэр дэвшээд буй. Монгол улсын Ерөнхийлөгч байсан хүмүүсээс тэр ийнхүү анх удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшээд байгаа нь нэн шинэ үзэгдэл. Бүлэглэлүүдийн дайн үргэлжилсээр байгааг л харуулж байгаа хэрэг.

Өмнө нь “Женко” Х.Баттулга 2016 оны сонгуулиар Баянхонгорт “МСS”-ийн төлөөлөл Б.Элдэв-Очиртой өрсөлдсөн ч ялагдаж байж билээ.

Энэ удаа хоёр бүлэглэлийн гол өрсөлдөөн хоймор нутагт өрнөнө. Мөн Өмнийн говьд Сү.Батболдыг дэвших гэж байна гээд Х.Баттулга Г.Мөнхбаясгалангаа тийш явуулсан. Гэвч Сү дэвшсэнгүй. Г.Мөнхбаясгалан төмрийн хүдэр урагш зөөдөг Б.Дэлгэрсайханыг амлан авч байгаагаа мэдэгдсэн. Түүнийг улстөрийн хүрээнийхэн Мөнхбаясгалан тийм л шударга юм бол хамт нэр дэвшсэн нүүрсчидтэйгээ үзэж тарах байх гэлцэж байна. Нүүрсний хэргээр УИХ-аас түдгэлзсэн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, түүний туслах байсан Өмнөговийн Засаг дарга Р.Сэддорж, ИТХ-ын дарга Г.Ганбаатар нартай гэсэн үг л дээ.

“МСS”-ийн төлөөллүүд МАН-ын жагсаалтад ч, тойрогт ч байна. Эрх баригч МАН-ын жагсаалтын эхний 10 дотор орж, торгон жолоо өргүүлэх магадлал ихтэй байгаа хүн бол Д.Энхтүвшин. “МСS”-ийн дэд ерөнхийлөгч хүртэл алба хашсан тэрбээр МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч болоод удаагүй байгаа.

Тэгвэл “МСS”-ийн “М” банкны гүйцэтгэх захирал Л.Соронзонболд Дорнод бүс буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд орсон тойрогт нэр дэвшсэн. “Нүүрсний хэрэг”-ээр ял авсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нартай хамт “МАН-ын Шинэчлэлийн хороо” хэмээн явж байсан нэгэн. Тиймээс тэдний нүүрсний хэрэгт бас гэрчээр дуудагдаж явсан.

“МСS” төдийгүй “Женко” бүлэглэлтэй эрх ашиг нэгтэй нөхдүүд МАН, АН-ын жагсаалтад төдийгүй тойргуудад ч цөөнгүй байгаа.

Уг нь МАН шинэ 30 жилийг эхлүүлэх нэр дэвшилт хийлээ гэцгээсэн. Гэтэл ийнхүү бүлэглэлүүдийн төлөөлөл цөөнгүй дэвшээд байна.

Энэ хоёр бүлэглэлийнхэн зөвхөн МАН, АН төдийгүй жижиг, нам эвслээс ч олноороо нэр дэвшиж байгаа. Женкогийн МоЯанууд  “Шинэ нэгдсэн” эвсэл, “Үнэн ба Зөв нам” гээд шургах газар болгоноос нэр дэвшиж байгаа юм.

 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn