2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөх их баривчилгаа давтагдах нь уу

“Монполимет” группын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг баривчлаад сошиал тэр чигээрээ дургүйцлээ илэрхийлж байж суллууллаа.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар УИХ-ын гишүүн асан, “Монполимет”-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг №2024/ ШЗ/441 дугаартай баривчлах шийдвэр гаргасан.

Шүүх түүнийг баривчилсан талаараа “Сэжигтэн Ц.Гарамжавыг 2024 оны тавдугаар сарын 28-ны 22:45 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан буюу “Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан” үндэслэлээр шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилж, сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй, хойшлуулшгүйгээр баривчилсан ажиллагааны хууль зүйн үндэслэлийг хянуулах саналыг Нийслэлийг прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны тавдугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг баривчилсан даруй прокурорт мэдэгдэж, прокурор шийдвэрийг шүүхэд даруй хүргүүлнэ” гэж, 3 дахь хэсэгт “Мөрдөгч сэжигтнийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу баривчилсан бол 24 цагийн дотор шүүх шийдвэрлэнэ” гэж заасан тул хэрэгт цугларсан нэр бүхий гэрч нарын мэдүүлэг болон орон байр, ажлын байранд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар Ц.Гарамжавыг сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзэн 2024 оны тавдугаар сарын 28-ны шөнийн 22:45 цагаас эхлэн сэжигтнээр баривчлах зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн” гэсэн тайлбарыг олон нийтэд өгсөн билээ.

УИХ-ын сонгуультай давхацсан нь энэ явдлыг “улс төрийн баривчилгаа” гэж үзэхэд хүргэжээ. Уг баривчилгааг хэн яах гэж хийсэн талаар олонх хүн Мояа-гийн эзэн гэлцэж байна. Хүч муутайхан үлбэгэр тайлбараар МАНАН-гийн гар хөлүүд баривчиллаа гэлцээд өнгөрөв.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны тавдугаар сарын 22-ны Засгийн газрын хуралдаан дээр “Сонгуулийн энэ цаг хугацаанд хууль шүүхийн байгууллагын зүгээс нэр дэвшигчид болон улс төрийн зорилгоор ашиглах эрсдэл бүхий аливаа үйлдэл гаргах магадлал өндөр. Ийм үйлдэл гаргахгүй байх талаар хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллахыг ХЗДХ-ийн сайдад даалгав” гэснийг Засгийн газрын хуралдааны 20 дугаар тэмдэглэлд бичжээ.

Энэ баривчилгаа өнгрөсөн сонгуулийн үед хийгдсэн шиг баривчилгааны эхлэл үү гэх хүмүүс ч олон байна.

2020 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн явагдсан баривчилгаануудаар Сэлэнгэд УИХ-д нэр дэвшээд байсан АН-ын С.Баярцогт, Д.Эрдэнэбат нар, МАН-ын УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарыг баривчилсан. Уг нь нэр дэвших үнэмлэхээ авснаас хойш Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорихыг хуулиар хориглодог. Гэвч тэд сонгуулийн турш хоригдсон ч нэр дэвшигч хэвээрээ л байсан.

Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бас баривчилсан. Тэд шоронгоос сонгуульд өрсөлдсөн билээ. Тэр үед барьцааны мөнгийг нь 10 тэрбумаар тогтоож байлаа.

Эдийн засагч Да.Ганболд, Б.Бямбасайхан, экс Ерөнхий сайд С.Баяр, М.Энхсайхан нарыг барьж хорьсон. Үүнээс болоод сонгуулийн дүн өөрчлөгдсөн, МАН ялсан хэмээн Б.Хурц генерал ярих.

Үнэн ч байж болох. Н.Номтойбаярыг барьж хорьсноор сонгуульд Т.Доржханд ялсан. Үнэндээ бол тэр Н.Номтойбаяраас бараг хоёр дахин бага саналаар гишүүн болсон.

Энэ удаагийн баривчилгаа ийм явдлын эхлэл биш биз хэмээх хүмүүс тун олон байна.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn