Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын УИХ-ын гишүүний бүрэн эрх хэвээр үлдлээ

2019-01-12 12:32      ГэрэгМН

Удтал гацсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан энэ Пүрэв, Баасан гаригт өдөржин, шөнөжин хуралдлаа. Энэ хоёр өдөрт Улсын Ерөнхий прокуророос оруулж ирсэн УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эсэх болон УИХ-ын гишүүн Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын даргыг олонхи гишүүдийн саналаар чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо болон Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хороодоор хэлэлцэн дээрх нэр бүхий гишүүдийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргаад байсан. Харин УИХ-ын чуулганаар Байнгын хороодын энэхүү дүгнэлтийг хэлэлцэн, санал хураалтыг нууцаар цахимаар явуулсан.

Ийнхүү нууц санал хураалт явуулснаар 82.5 хувийн саналаар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ.  

Л.Энхболдыг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж санал хураахад 71.4 хувиар Байнгын хорооны санал дэмжигдлээ. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн холбогдох байнгын хороодын дүгнэлтийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож буй гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ. 

Нууц санал хураалтаар УИХ-ын гишүүн Г.Солтаны бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 71.4 хувь нь дэмжсэнгүй.  

Ийнхүү Улсын Ерөнхий прокурорын 4 гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирсэн санал дэмжигдсэнгүй.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх