13 хүн хөнөөсөн халдлагаар амиа алдсан иргэдэд гурав хоног хүндэтгэл үзүүлнэ

2018-11-09 11:03      ГэрэгМН

АНУ-ын Өмнөд Калифорнийн Таузанд хотын нэгэн бааранд гал нээсний улмаас 13 хүн амиа алдаж, ойролцоогоор 10 хүн шархаджээ. Халдлага орон нутгийн цагаар арваннэгдүгээр сарын 7-ны 23.20 цагт болсон аж.

Үл таних, хар хувцастай эрэгтэй Borderline Bar & Grill бааранд орж, үйлчлүүлэгчид рүү гал нээжээ. Тус бааранд оюутнуудад зориулсан College Country Night үдэшлэг болж байсан учраас хэдэн зуун хүн тэнд цугласан байсан аж.

Хэргийн гэрч ABC News телевизэд өгсөн ярилцлагадаа "Хэрэгтэн гар буугаар хэд хэдэн удаа гал нээсний дараагаар утаа ялгаруулагч бөмбөг шидсэн тэгээд дахиад л гал нээж эхэлсэн" гэв.

Хэрэгтэн 30 гаруй удаа гал нээсэн бөгөөд 13 хүн амиа алдсан байна. Тэдний дунд цагдаагийн сургуулийн сонсогч Рон Гелус байсан ажээ. Цагдаагийн сургуулийн сонсогч Гелус шархаа даалгүй эмнэлэгт өөд болсон аж. Амиа алдсан бусад хүмүүсийн талаарх мэдээлэл хараахан гараагүй байгаа ажээ.

Вентура тойргийн цагдаагийн ажилтнууд хэрэгтэн газар дээрээ нас барсан гэж мэдэгдэв. Түүнийг амиа хорлосон байж болзошгүй гэж таамаглаж, террорист бүлэглэлтэй холбоотой байсан эсэхийг нь шалгаж байгаа гэнэ.

Хэрэгтнийг Ян Дэвид Лонг гэдэг бөгөөд тэрээр 28 настай байжээ. 2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж, 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан ажээ.

Болсон халдлагатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп улсын далбааг гурав хоног буулгах тушаал гаргасан байна.

Ерөнхийлөгчийн тушаалын дагуу Цагаан ордон, төрийн болон цэргийн байгууллагууд, усан онгоц болон хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд арваннэгдүгээр сарын 10 хүртэл төрийнхөө далбааг буулгаж, амиа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх