Ховд аймагт сургуулийн өмнөх боловсролын хүртээмж 82 хувьтай байна

2018-11-09 10:26      ГэрэгМН

Нийслэл Улаанбаатар бүү хэл хөдөө орон нутагт хүртэл цэцэрлэгийн хүртээмж хангалтгүй байдаг. Тэдгээрийн нэг Ховд аймгийн Жаргалант сум (аймгийн төв)-ын 10-р цэцэрлэг гэр цэцэрлэг ажиллуулаад 10 жил болж байгаа аж. Тус цэцэрлэгт 223 хүүхэд хүмүүжиж байгаагийн тал нь байранд, тал нь угсарч барьсан гэр цэцэрлэгт хүмүүжиж байна. Тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа албаны бусад хүмүүсийн хамт биечлэн танилцсан бөгөөд цэцэрлэгийн багш, удирдлагууд 100 ортой цэцэрлэгийн өргөтгөл шийдвэрлэж өгөхийг салбарын сайдаас хүслээ.

Жилээс жилд цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өссөөр ирсэн учир түүртэж, бухимдалгүй өөрсдийнхөө гэрийг хүртэл барьж хүүхдүүдээ авдаг гэлээ. Ариун цэвэр, ахуй орчноо бодолцож хоёр гэр угсарч барьдаг байна. Гэр цэцэрлэгт ороход дулаахан, цэвэр тохитой байсан нь энд ажилладаг багш, ажилчид, удирдлагууд хэр хичээнгүй, ажилсаг, хүүхдийн төлөө сэтгэлтэй болохыг илтгэнэ. 
БСШУС-ын сайд 10-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсаны дараа Наран багт баригдаж буй ясли цэцэрлэгийн цогцолборын барилгын үйл явцтай танилцлаа. 225 ортой тус цогцолбор 2019 оны гуравдугаар улиралд ашиглалтад орох аж.

Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах ёстой 8866 хүүхэд байгаагаас төрийн өмчийн 32, хувийн хэвшлийн 13 цэцэрлэгт 6979, хувилбарт сургалтаар 708 хүүхэд хамрагдаж байгаа аж. Хөдөөгийн 16 сумын 53 багт гэр цэцэрлэг ажиллаж хувилбарт сургалтаар 708 хүүхэд хамрагдаж, малчдын хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна. 
Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 1589 хүүхдийн 969 нь малчин өрхийн хүүхдүүд бөгөөд сумдын гэр цэцэрлэгийн тоог 40-өөр нэмснээр хүүхдийн хамралт 800-аар нэмэгдэж, хамралтын хувь 92 хувьд хүрэх юм хэмээн Ховд аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү хэллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх