Номхон далайн баруун хэсэгт олон газарт 6-аас дээш баллын газар хөдөллөө

2018-10-11 17:17      ГэрэгМН

10-р сарын 11-нд буюу өнөөдөр өглөөгүүр Номхон далайн баруун хэсэг дагуу олон газарт 6-гаас дээш баллын хүчтэй газар хөдөлжээ.

Индонезийн Цаг уур, уур амьсгал, геофизикийн товчооны вэбсайтын мэдээлснээр, Жакартагийн цагаар 11-ний 01 цаг 44 минутад Индонезийн Зүүн Ява мужийн ойролцоох тэнгист 6.3 баллын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн голомт Зүүн Ява мужийн Ситубондогийн зүүн хойд тэнгист 10 км-ийн гүнд байжээ. Тус товчоо газар хөдлөлтийн улмаас цунамийн урьдчилсан сэрэмжлүүлэг нийтлээгүй байна.

Индонезийн Гамшгийг бууруулах төвийн нийтэлсэн мэдэгдэлд, газар хөдлөлтийн улмаас 3 хүн нас барж, газар хөдлөлтийн голомт бүсийн ойролцоох хэд хэдэн хотын олон барилга байшин сүйдсэн гэжээ.

Үүнээс гадна АНУ-ын Геологийн судалгаа, газар хөдлөлтийн мэдээллийн сүлжээнд мэдээлснээр, Папуа Шинэ Гвинейд Бээжингийн цагаар 11-ний 4 цаг 48 минутад 7.0 баллын газар хөдөлжээ. Тухайн нутагт хүн шархадсан, хохирсон тухай мэдээлэл гараагүй.

Папуа Шинэ Гвинейн Кимбегээс зүүн тийш 117 км зайтай бүсэд газар хөдөлж, газар хөдлөлтийн голомт 40.3 км гүнд байжээ. Австралийн Цунамийн сэрэмжлүүлгийн төв, энэ удаагийн газар хөдлөлт Австралийн далайн эрэг дагуу бүсэд цунамийн эрсдэл үүсгээгүй хэмээн мэдэгдсэн байна.

ОХУ-ын Өмнөд Сахалиний Газар хөдлөлтийн мониторингийн станцын нийтэлсэн мэдэгдэлд, орон нутгийн цагаар 11-ний 10 цаг 16 минутад, Курилын арлуудын хойд хэсгийн ойролцоох тэнгист 6.7 баллын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлтийн голомт Курилын арлуудын хойд хэсгийн Оннекотан арлаас зүүн тийш 150 км зайтай, 74 км-ийн гүнд байжээ. Оросын Камчаткын хязгаарын зарим бүсэд чичирхийлэл мэдрэгдэж, газар хөдлөлтийн улмаас хүний амь нас үрэгдсэн буюу бэртэж гэмтсэн тохиолдол гараагүй гэж мэдээлээд байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх