Эрх мэдэлтнүүдийн цохолтоор зээл өгдөг Жижиг, дундын санд эрх мэдэлтнүүд шунасаар байна

2018-10-11 16:06      ГэрэгМН

  Эдийн засгийн аливаа асуудлуудын талаар хэлэлцэж,зөвлөмж,дүгнэлт гаргадаг “Эдийн засагч” клубийнхэн 2019 оны төсвийн талаар хэлэлцжээ. Энэ тухай ЭНД   эдийн засагч Т.Доржханд ярьсан байна. Эдийн засагч клубын гишүүд хамтаараа шийдвэр гаргаж, төсвийг тал тал тийш нь чангааж үр ашиггүй болгодог байдлаа энэ удаа давтахгүй байх утгатай зөвлөмжийг УИХ-ын гишүүдэд хүргэсэн байна.

Зөвлөмжийн дөрөвт, Засгийн газрын тусгай сангууд, тухайлбал жижиг,дунд үйлдвэр,Тариалан эрхлэлтийг дэмжих сан зэрэг үр ашиг муутай,тодорхой эрх мэдэлтний цохолтоор шийдэгддэг хөнгөлөлттэй зээл,татаасыг шууд таслан зогсоохыг зөвлөжээ.

Гоё нэртэй тусгай сангуудын мөнгө хөрөнгө эрх мэдэлтнүүдийн гараар угаагдаж хоосордог гэх баримтууд нэг бус удаа дэлгэгдэж байсан. Сүүлийн үед улс төрчид ихэд ач холбогдол өгч,байн байн бөөн бөөнөөрөө ярих болсон нэг сан бол Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан.

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, ард иргэдээ орлоготой,ашигтай болгох тухай ярьсаар багагүй хугацааг үдэж байгаа боловч жижиг, дунд үйлдвэрийн аль нь ч олигтой хөгжсөнгүй. Харин сангийн мөнгө нь эрх мэдэлтнүүдийн хорхойг хүргэсээр иржээ. Учир нь дээрх эдийн засагчдын зөвлөмжид дурдсанчлан уг сангийн хөрөнгө жинхэнэ үйлдвэрлэл эрхлэх эзэддээ тэр бүр очдоггүй, эрх мэдэлтний цохолтоор шийдэгддэг аж.

Хэдийгээр зээл хангалттай өгөөд байгаа боловч жижиг, дунд үйлдвэрлэл нь ч хөгждөггүй, зээлийн эргэн төлөлт ч тааруу байдаг гэсэн үг. Тийм ч учраас уг санд нэмж төсвөөс мөнгө хуваарилж, төсвийн зардлыг нэмэх хэрэггүй гэж эдийн засагчид үзжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ч уг сангийн эргэн төлөлтийг сайжруулж,санд байгаа хөрөнгө мөнгийг эргэлтэд оруулбал бага биш мөнгө байгааг УИХ-ын чуулганы хуралдаан дээр мэдээлсэн.

Ч.Хүрэлбаатар “Хэрвээ нэг сан руу мөнгө хийдэг, тэндээсээ алдагдаад байдаг бол нэмж мөнгө өгөх нь зөв үү? Хэрвээ тийшээ мөнгө нэмж өгөөд байх юм бол татвар төлөгчдийн мөнгө улам л үр ашиггүй зарцуулагдана гэсэн үг.

Тиймээс бид Сангийн яаман дээр  ЖДҮ-ийг дэмжих ямар эх үүсвэрүүд байна гэдгийг нягталж гаргасан. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд 335 тэрбум төгрөгийн хуримтлал бий. Энэ хуримтлалын мөнгөө буцаан төлүүл,  тэгээд буцаагаад бүгдийг нь зээлд гарга. Сү.Батболдын Засгийн газрын үеэс хойш Сангийн хөрөнгө  нэмэгдсээр явж байгаа.  Сангийн мөнгөний эргэн төлөлт 95 хувьтай байгаа юм бол 200-300 тэрбум орж ирнэ, түүнийгээ эргүүлээд гаргаж явах учиртай.

Үүнээс гадна  ч үйлдвэрлэгчдэд өгөх зээлийн эх үүсвэрүүд байгааг Сангийн сайд мэдэгдсэн.Тухайлбал,

  • “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-д 94 тэрбум төгрөг
  • ХААЯ-ны  “Хөдөөгийн хөгжил” төсөлд  17 тэрбум төгрөг  
  • “Жайка”-д 136 тэрбум төгрөг
  • Дэлхийн банкны экспортыг дэмжих төсөлд  5.4 тэрбум,
  • Зээлийн батлан даалтын санд 62 тэрбум гээд нийтдээ 650 тэрбум төгрөгийн эх үүсвэр байгаа аж.  

Гагцхүү энэ мөнгийг   яаж үр ашигтай гаргах вэ гэдэгт асуудал байгаа. Нэг хүний, тэр тусмаа сайд, дарга нарын гарын үсгээр гаргадаг мөнгөөр манай жижиг, дунд үйлдвэр хөгжинө гэдэгт би итгэхгүй байгаагаа Сангийн сайд хэлсэн.

Цаашид жижиг, дунд үйлдвэрийн зовлонг ойлгодог улстөрчид  банкныхантай хамтраад оновчтой зөв шийдэл гаргах нь зүйтэй  гэдэг саналыг ч хэлсэн. 

 УИХ-д өргөн барьчихсан байгаа татварын хуулиар  жижиг, дунд үйлдвэрийг дэмжих оновчтой зохицуулалт оруулж байгаагаа ч  мэдэгдсэн.  

Тухайлбал,татварын хуулиар жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын үйлчилгээг цахимжуулж, татварын тайлангийн тоог цөөрүүлжээ.

Мөн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн төлсөн татварын 90 хувийг буцааж олгох,  алдагдал шилжүүлэх хугацааг салбар харгалзахгүй 5 жил болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс бусад этгээдийн барилга, байгууламжийн элэгдэл байгуулах хугацааг 40-өөс 25 жил болгож бууруулах, татварын зорилгоор орлого, зарлага хүлээн зөвшөөрөх зарчмыг тодорхой болгох зэргээр үнэхээр л дэмжлэг болохуйц зохицуулалтууд оруулжээ

Харин УИХ-ын чуулган дээр болон  хэвлэлээр жижиг,дунд үйлдвэрийг дэмжсэнгүй, 2019 оны төсөвт тусгасангүй хэмээн хамгийн чанга ярьж байгаа хоёр гишүүн байгаа нь МАН-ын “Оргил”-ын гэгдэх Ж.Ганбаатар,АН-ын Д.Пүрэвдорж нар.

Ж.Ганбаатар бүр “Жижиг,дундынханд  итгэдэггүй” гэсэн. Гэвч асуудал жижиг,дундынханд бус улстөрчдөд өөрт нь байгааг эдийн засагчид ч,төсөв боловсруулдаг Сангийн яамныхан ч олж, хараад дүгнэлтээ гаргасан байна.  Өөрөөр хэлбэл,улстөрчдийн халаасны мөнгө болчихсон жижиг,дундад төсвөөс дахин сул мөнгө өгөхгүй байх нь зөв юм.

Г.Гэрэл (www.gereg.mn)




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Zochin

Jinhene xeregtei xvmvvsdee ochdoggvi tomchuud n avdag

2018-10-12 21:42    117.111.5.150
Enhee

Jinhene xeregtei xvmvvsdee ochdoggvi tomchuud n avdag

2018-10-12 21:34    117.111.5.150
Зочин

Жижиг,дундын зээл хэзээ ч жинхэнэ эздэдээ очдогүй нь үнэн шүү

2018-10-11 17:36    64.119.23.203

Сэтгэгдэл нэмэх