Х.Амгаланбаатар,С.Эрдэнэбат нар алийн болгон хяналтгүй явах вэ

2018-09-14 17:29      ГэрэгМН

Социализмын үед төрийн өмч байсан эвсэл холбоодын өмч,хөрөнгө, байр, сав, газар өнөө цагт цөөн хэдхэн хүнийг тэжээж байгаагийн нэгэн жишээ бол Монголын Үйлдвэрчний эвлэл.  “Зах зээлийн эхэн үед л гэхэд  тэтгэвэр тэтгэмж тавьдаг, төв талбайг тойрсон хоёр ч  оффистой, спорт заалтай, уулын ам болгонд 130 гаруй зуслантай, аймаг болгонд контортой, ахмадын сувилалтай, хүнсний ногооны өргөн уудам талбайтай, 20 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 650 сая төгрөгийн бэлэн мөнгөтэй, 300 гаруй авто машинтай, адуу, үхэр, хонин сүргийн сууриудтай  эзэнт гүрэн байжээ” хэмээн  тус газрын нягтлангаар ажиллаж байсан Б.Гэрэлмаа нэгэнтэээ ярьсан байдаг.

Мэдээж тэр их өмч,хөрөнгийг үе үеийн дарга, тэргүүд нь хувьдаа завшсаар одоо цөөхөн нь үлдсэн. Цөөхөн, гэхдээ нүнжигтэй байр сав нь  өдгөө ч МҮЭ-ийн дарга нарыг тэжээсээр.

Хамгийн гайхалтай нь “олон нийтийн” гэх статустай мөнөөх өмч хөрөнгийг хянадаг газар гэж алга.

Өнөөдөр л гэхэд  МҮЭ-ийн  хотын төвийн төв байр нь түрээсийнхнээр дүүрэн.Гэхдээ бүр шинэхэн баригдсан тауэр, плазагаас ч өндөр үнээр түрээслэнэ.  Жишээ авахад, хааш хаашаа 20 метр  өрөө нь гэхэд л  2 саяын түрээстэй гэнэ. Гэхдээ түрээснээс нийт хэдэн төгрөг олдог, хэчнээнийг юунд зарцуулдгийг хэн ч хэлж үл мэднэ. Нэг үгээр хаалттай гэсэн үг.

Баруун 4 замд байх нийслэлийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо гээд том байшин бас л түрээсийнх. Үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордон гээд жилийн дөрвөн улиралд хошин шог, зохиолчдын дуучдын тоглолтоор дүүрэн газар багагүй ашиг олдог. Дээрээс нь хотод ойрхон хүн байнга очдог Сонгины амралтын газар гэхчилэн газруудаасаа олдог ашиг орлогоо яадаг вэ? Гэсэн асуулт эрхгүй тавигдаж байгаа юм.

Бас нэг тасралтгүй олдог орлого бол үйлдвэрчний эвлэлийн гишүүн бүрээс  сар бүр   цалингаас нь суутгаж авдаг гишүүний татвар юм.   МҮЭХ гэх ажилчдын эрх ашиг, хөдөлмөрийн маргааныг шийдэх ёстой байгууллага маань үүргээ яг сайн гүйцэтгэж байна уу гэдэг бас л  эргэлзээтэй. 

Үүргээ гүйцэтгэдэг байлаа ч  “олон нийтийн” гэх тодотголтой  өмч хөрөнгөнөөс хэдэн төгрөгийн ашиг олдог, түүнийгээ юунд зарцуулдаг вэ гэдгийг “шилэн” болгох цаг болжээ.

Зарцуулалт нь тодорхой бус байсаар байгаа нь МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар байнга хардлагад өртөж, улмаар “олон нийтийн” төлөө гэх байгууллагын нэр хүнд унахад хүргэж байна.

Эхлээд МҮЭХ-ны удирдлага  өөрсдөөсөө эхлэн шударга цэвэр гэдгээ нийгэмд  харуулж байж иргэдийн эрх ашгийн төлөө тэмцэл нь  илүү шударга харагдана.

МҮЭХ-ны нягтлан бодогч Б.Гэрэлмаа “МҮЭХ-ны удирдлага  18 данстай, зарим  дансуудыг нэг удаа ашиглаад хаяж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд таван тэрбумын орлого нь 400 сая болтлоо буурлаа. 200 гаруй сая төгрөгийн өр нь 1,8 тэрбум болтлоо өслөө.  Сүүлийн жилүүдэд Нийгмийн даатгалд өртэй, татварт тайлангаа цаг тухайд нь өгдөггүй, байнга зөрүүтэй мэдээлэл өгч ирлээ. Энэ мэт МҮЭХ-ны удирдлагын хууль бус үйлдлүүд байгууллагын нууцад хамаардаг болжээ” хэмээн ЭНД ярьж байв. Б.Гэрэлмаагийн ярьснаар бол МҮЭХ албан ёсны дансаараа гүйлгээ хийдэггүй, өөр хувийн дансуудаар мөнгө оруулж, гаргадаг болж таараад байгаа юм.

Уг нь  “Үйлдвэрчний эвлэлийн өмч хөрөнгө гэдэг чинь 100 жил хөлс хүчээ урсгасан үе үеийн барилгачин, тариачин, багш, эмч, уурхайчны хуримтлал, үлдээсэн өв юм шүү. Би тэр хүмүүсийн өмнөөс МҮЭХ-ны өмч хөрөнгийг  хулгайч сэтэхүйтэй нөхдүүдээс хамгаалан дуугарч байгаа юм” хэмээн тэрбээр ярьж байв.

Түүний  мэдээллийн мөрөөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү ЭЦГ-т гомдол гаргасан ба Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нар АТГ-д шалгагдаж байгаа  гэж мэдээлэгдэж байсан ч өдгөө сураг алдарчээ.

 МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар  МҮЭСТО-ны зүүн талд байрлалтай 12 давхар зочид буудал баригдаж буй газрыг “Макс” группт 170 сая төгрөгийн хивсэнцэрээр зарсан.1,6 га газрыг “Бэрэн” группт хоёр өрөө байраар зарсан. Тэр орон сууц нь замаасаа алга болсон. Засгийн газраас “Хаалтын гэрээ”-ны зарчмаар 780 сая төгрөг авч АНУ-д зугаалсан, “Альфа” зочид буудлаа ажилуулахын тулд сар бүр 5-10 сая төгрөг өндөр хүүтэй зээлж МҮЭХ-ноос төлдөг. Үйлдвэрчин хотхоноос нь 40 орон сууц сох дутсан гэдэг.  Хөлбөмбөг, ажилчдын, ногооны гэх мэт газруудыг хэсэгчлэн зарсан гэх зэрэг олон  асуудлаар шалгагдаж эхэлсэн билээ.

Ер нь нэг ийм шуугиан дэгдээд сураг алдардаг явдал аль ч дарга нарт хэвийн үзэгдэл болсон. Тиймээс Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат нар алийн болгон хяналтгүй явах вэ? гэж асуумаар байна. 

 

С.Саруул

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх