Ц.Цогзолмаа:Ирэх даваа гаригт хичээл хэвийн оруулахын төлөө ажиллаж байна

2018-09-14 16:43      ГэрэгМН

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа багш нарын ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хамтарсан ажлын хэсэг багш нарын ажил хаялтыг зогсоох асуудлаар тасралтгүй ажиллаж байна. Багш нарын зүгээс дараах саналуудыг тавьсан. Тухайлбал, 2014 онд Засгийн газраас багш, эмч нарын цалинг нэмэгдүүлэхдээ хооронд нь 4.3 хувийн зөрүү үүсгэсэн. Энэ зөрүүг өнөөдрийг хүртэл арилгаагүй.

Багш нар энэ зөрүүг 2018 онд багтаагаад арилгаад өгөөч гэж хүссэн юм. Санал дээр ажлын хэсэг сууж, 4.3 хувийн зөрүүнд хамрах нийт хэдэн багш байгаа талаарх нэгдсэн мэдээлэл гаргалаа. Хоёр талаас нийт багш нар энэ зөрүүнд хамрагдаж байна гэдэг санал нэгдсэн.

Тиймээс зөрүүг 2018 онд арилгах ямар боломжийг хамтарсан ажлын хэсэг судалж байна. Энэ сараас цалин нэмэгдүүлэхдээ ачааллыг нь бодолцож, цэцэрлэгийн багш, бага ангийн багш, тусгай хэрэгцээт сургуулийн багш нарын цалинг 8-12 хувиар өсгөсөн.

Гэтэл нөгөө талд яг багш нартай адилхан ачаалалтай ажилладаг харуул, манаач, жижүүр, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудыг нэмэгдэлд оруулаагүй үлдсэн юм. Хамтарсан ажлын хэсэг 23 мянган үйлчилгээний ажилчдын цалинг  8-12 хувиар  нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн" гэв. 

Ц.Цогзолмаа сайд үргэлжлүүлэн "Энэ бүхнийг шийдэхэд 14.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Энэ зардлыг салбар хоорондын зохицуулалтаар шийдэх ямар гарц байна гэдэг дээр Засгийн газар ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсэг дээр нэгдсэн шийдвэрт хүрч, Сангийн яаманд хамгийн сүүлийн байдлаар саналаа хүргүүлсэн.

Сангийн яамныхан хамтарсан ажлын хэсгийн дүгнэлтийг гарын үсгээр баталгаажуулчих юм бол үндсэндээ ирэх даваа гаригаас ажил хаялтаа зогсооно гэсэн чигтэй, хүлээж байна. Одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна.

Хамтарсан ажлын хэсгийнхэн тодорхой байдлаараа саналаа нэгтгэж байгаатай холбогдуулан, өнөөдөр Нийслэлд 12 сургууль, гурван цэцэрлэг ажил хаялтаа зогсоосон байгаа. Ирэх даваа гаригаас хичээл оролтыг жигдрүүлэхийн төлөө ажиллаж байна" гэлээ. 

Г.Саран




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх