Д.Цогтбаатар: Өнөөдөр эхэлсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр Зүүн Хойд Ази дахь “хүйтэн дайн”-ыг төгсгөх үйл явц үргэлжилж байна

2018-06-14 18:56      gereg

-Солонгосын хойгт таатай нөхцөл бүрдэж буй үед “Улаанбаатарын яриа хэлэлцээ” эхэлж байна-

Өнөөдөр ГХЯ-нд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын 5-р бага хурал эхэллээ. Хурлыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, хоёрхон өдрийн өмнө АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүн нар анх удаа нүүр тулан уулзаж, Солонгосын хойгт урт удаан хугацаанд бат бэх орших энхтайвныг цогцлоож цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах талаар тохиролцон хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан үйл явдал өрнөж энд дипломат үйл ажиллагааны онцгой ач холбогдол нөлөөлснийг бид бүхэнд бэлэхнээ харууллаа.

Тэгвэл дараагийн дипломат үйл хэргийг тод томруун харуулах нэгэн онцлог үйл явц нь өнөөдөр эхэлж буй “Улаанбаатарын яриа хэлэлцээ” юм. Учир нь цөхрөл, хурцадмал байдал, зөрчилдөөн зэрэг хоолой даран ирсэн хүнд хэцүү цагт ч бид яриа хэлэлцээг ямагт үргэлжлүүлж ирсэн.

4-5-хан сарын өмнө АНУ, БНАСАУ-ын удирдагчид шууд яриа хэлцээ өрнүүлнэ гэж, түүнчлэн 4 болон 5-р сард болсон хоёр Солонгосын дээд түвшний уулзалтыг тохионо гэж төсөөлөх ч боломжгүй байлаа. Гэсэн хэдий ч аливаа бэрхшээлийг үл харгалзан яриа хэлцээ өрнөсөн юм. Аливаа асуудлыг шийдэх цорын ганц арга зам бол яриа хэлцээ болохыг Улаанбаатарын яриа хэлцээ санаачилга тодоос тод харуулж байна. Манай энэ удаагийн хурлаар бүс нутагт үүссэн сүүлийн үеийн эерэг чиг хандлагыг бэхжүүлэх арга замын талаар хэлэлцэж, бүс нутгийн аюулгүй байдлын орчны ойрын ирээдүйн болон хэтийн төлөвийн талаар санал бодлоо солилцоно.

Цаашид Солонгосын хойг болон түүнийг тойрсон тулгамдсан асуудлуудад шийдэл олох, цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах үйл явцад холбогдох талуудын уйгагүй хүч чармайлт шаардагдах нь дамжиггүй. Яриа хэлэлцээ цөмийн зэвсгээс илүүтэй хол зайг туулна. Тиймээс хэдэн арваны тэртээх “Энхтайванд боломж олгооч” гэж Жон Ленноны хэлсэн уриалгыг бид тууштай дагах учиртай. Үнэхээр энхтайванд бид боломж олгох л учиртай.

Цөмийн зэвсгээс ангид статусыг 20 гаруй жил баримталж буй манай улс цөмийн болон пуужингийн туршилтаа зогсоох тухай Умард Солонгосын шийдвэр, Пунгери дэх цөмийн туршилтын талбайгаа устгасан үйлдлийг Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад чиглэсэн чухал алхам боллоо гэж үзэж байна. Ингээд нээлтийн үгээ өндөрлөхдөө өнгөрсөн 5-р сард Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео-той хийсэн уулзалтын дараахан миний санаанд буусан дөрвөн мөртийг та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо.

Цөмийн цэнэг ба пуужинг цаашид байлгахыг бид хүсэхгүй

Цөвүүн хөнөөлт эл гайхал Дорны ертөнцөд бүр хэрэггүй

Цомхон өргөө дэлхийг минь тэднээс 

Цаглашгүй мөнхөд ангижруулах шийдлийг, тиймд, эрсүгэй.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын орчин нөхцөл байдлын цаашдийн төсөөлөл, хэтийн төлвийн талаар ярилцаж тулгарах сорилт, боломжуудыг тодорхойлох энэ удаагийн бага хуралд АНУ, БНХАУ, Энэтхэг, БНСУ, БНАСАУ, Франц, Герман, ОХУ, Японы судлаач мэргэжилтнүүд болон НҮБ, Олон улсын Улаан загалмайн нийгэмлэг, Европын холбоо, Ази, Номхон далайн Эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК) зэрэг олон улсын байгууллагын 150 гаруй төлөөлөгч, мөн Засгийн газрын түвшинд БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, БНАСАУ-ын албан ёсны төлөөлөгчид тухайн улсуудын ГХЯ-наас ирж оролцож байгаагаар онцлог болж байна.

Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бүрдүүлэх чиглэсэн “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь анх 2014 онд Монгол Улсын зүгээс төрийн тэргүүний санаачлагаар бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлаар яриа хэлэлцээний механизм бүрдүүлэх хэрэгтэй байна гэсний хүрээнд эхлэн эрдэмтэн, судлаачид чуулан санал солилцож ирсэн бол 2017 оноос тус арга хэмжээ бүс нутгийн улс орнуудын шийдвэр гаргагч, бодлого тодорхойлогч байгууллагуудын хүрээнд шилжин шат ахиж албаны төлөөлөл, олон улсын мэргэжилтнүүд оролцдог болон өргөжиж байна.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх