Д.Гантулгын чөлөөлөгдсөн суудалд санаархагчид

2018-06-14 17:24      ГэрэгМН

Өнөөдөр УИХ ээлжит чуулганаараа гишүүн Д.Гантулгын чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн. Д.Гантулга өнөөдрөөс /06.14/ эхлэн гишүүний ажлаа өгч байна.

Тэгвэл ийнхүү чөлөөлөгдсөний дараах асуудлууд юу байх вэ. УИХ-ын тухай хуульд зааснаар гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан бол гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж гишүүдийн нууц санал хураалтаар шийдвэрлэнэ гэжээ.

Үүнээс гадна УИХ гишүүний саналыг хүлээн авсан бол ажлын хоёр өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ хэмээн УИХ-ын тухай хуульд заасан байна.

Д.Гантулгын асуудал ч энэ хуулийн дагуу яваад өнгөрлөө. Харин одоо түүний орон гарсан тойрогт УИХ-ын нөхөн сонгууль болох ёстой. Харин энэхүү сонгуульд хэн нэр дэвшиж сонгогдох нь асуудал болж эхэллээ.  

Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлд УИХ-ын гишүүний орон гарсан суудлыг нөхөх болон Улсын Их Хурлын гишүүнийг нөхөн сонгох тухай заасан байдаг.

Тус хуулийн 52.1.Тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүн өөр ажилд шилжсэн, эрүүл мэндийн байдал зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн, эсхүл түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татсан бол нөхөн сонгууль явуулна хэмээн заасан.

Бас 52.3.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна гэжээ.

Мөн 52.5.Нөхөн сонгууль явуулахад сонгуулийн хэсгийг санал авах өдрөөс 25 хоногийн өмнө, тойргийн хороог 20 хоногийн өмнө, салбар хороог 17 хоногийн өмнө, хэсгийн хороог 15 хоногийн өмнө тус тус байгуулах; 52.5.2.нэр дэвшүүлэх ажлыг нөхөн сонгууль товлон зарласан өдрөөс хойш тав хоногийн дараа эхэлж, тав хоногийн хугацаанд дуусгах; 52.7.Нөхөн сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн хугацаа нь орон гарсан гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж заажээ.

Тэгэхээр Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын нөхөн сонгуулийг өнөөдрөөс хойш 14 хоногийн дотор зарлахаар болж байгаа мэт. Эндээс харвал Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт ирэх 7 дугаар сарын сүүлээр нөхөн сонгууль болох нь.

Энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдсэн ч түүний эсрэг бүх асуудал хөвөрч байна.

Тэгвэл 42-р тойрогт сөрөг хүчин болох АН-аас УИХ-ын гишүүн асан, "Монроуд"-ын Н.Гарамгайбаатар, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад зөвлөх нь байсан М.Хүдэрбаатар нарын нэр сонсогдож байна.

Мөн Хэнтий аймгийн нөхөн сонгуульд "Цагаан шонхор" компанийн Ч.Энхтайваны нэр ч дээгүүр гарч ирж байгаа тухай сонсогдоно. Тэрбээр АН-ын анхдагчдын нэг билээ.

Тэгвэл эрх баригч МАН-аас Ерөнхий сайд У.Хүрэлсүх хангалттай давхар дээлтэй учир нэр дэвшихгүй бол аймгийн Засаг дарга Н.Ганбямба зоолттой нэр дэвших гэнэ. Тэгээд ч Монгол орны хаа ч хамаагүй ямар нэг сонгуульд засаг дарга нар хаалтгүй сонгогддог гэдгийг бодолцвол Н.Ганбямбад шанс өндөр бий.

Харин энэ хоёр намаас нэр дэвшигчидтэй халз үзэж чадах хүн бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байж болно. Гэхдээ түүний боломжийг хэтэрхий өндөр үнэлж болохгүйг бас сануулах нь зүйтэй. 

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх