Куба улсаас элэгний В, С вирус, чихрийн шижин өвчний эсрэг эм бэлдмэл оруулж ирэхээр боллоо

2018-05-17 17:41      gereg

-Манай улс дээрх эм бэлдмэлийг импортлоод зогсохгүй, өөрсдөө үйлдвэрлэдэг болох талаар МУИС Кубын Биотехнологийн төвтэй хамтран ажиллаж эхэллээ-

Манай улс Куба улстай биотехнологийн салбарт хамтран ажиллах хүрээнд тус улсаас элэгний В, С вирус болон чихрийн шижин өвчний эсрэг эм, хорт хавдраас сэргийлж саармагжуулах эм бэлдмэл, малын шүлхий өвчний эсрэг вакцин оруулж ирэхээр болжээ.

Куба улс нь биотехнологийн салбарт олон улсад тэргүүлж дээрх эм бэлдмэлүүдийг дэлхийд анх удаа гаргаад байна.

Энэ талаар өнөөдөр МУИС дээр болсон эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийн үеэр МУИС-ийн Эрдэм шинжилгээ, гадаад харилцаа хариуцсан дэд захирал, доктор Б.Очирхуягаас тодруулав.

-Куба улстай биотехнологийн талаар яаж холбогдов?

-Анх манай улсад суугаа Куба улсын ЭСЯ-тай холбогдож мэдээлэл аваад дараа нь Кубын Биотехнологийн төв хүрээлэнтэй хамтран ажиллахаар болж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар тэргүүтэй манай улсын төлөөлөгчид Кубад айлчлаад ирсэн.

Тэндэхийн Биотехнологийн төв хүрээлэн, эрдэм шинжилгээ, судалгааны төвүүдээр зочилж хамтран ажиллах талаар судалж улмаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан.

Ингээд зогсохгүй, биотехнологи, эрүүл мэндийн салбарт эм бэлдмэл бэлтгэж үйлдвэрлэх, судалгаа хийх, боловсон хүчин бэлтгэх зэргээр улам өргөжиж хамтарч ажиллах боломж нээгдэж байна.

-Монгол Улсад, монголчуудад нэн чухал энэ эм бэлдмэлүүдийг Монголд оруулж ирэхэд манай талаас юу шаардлагатай байна?

-Юуны өмнө импортоор оруулж ирэх зөвшөөрлийг олгох асуудал байна. Үүн дээр ЭМЯ анхаарч эрхзүйн орчинг бүрдүүлчихвэл болж байна. Энэ бол эхний шатны ажил бөгөөд хоёрт, манай улс үүнийг импортлоод зогсохгүй, өөрсдөө эх орондоо үйлдвэрлэдэг болох явдал дараагийн шатны ажил болоод байна.

Энэ талын боловсон хүчин манайд байна. Хэдийгээр мэргэжлийн хүмүүс нь бэлтгэгдээд янз бүрийн салбарт ажиллаж байгаа ч энэ эм бэлдмэлийг эх орондоо үйлдвэрлэж хийнэ гэсэн зорилго тавьчих юм бол тэдгээр мэргэжилтнүүдийг бид нэг дор зангидаад удирдан зохион байгуулаад явах бололцоо байна.

Энд БУСШУЯ, ЭМЯ зэрэг төрийн яамдын бодлого, эрхзүйн орчны дэмжлэг хэрэгтэй байгаа юм.

-Эрхзүйн орчны ямар дэмжлэгүүд хэрэгтэй байгаагаа тодруулна уу?

-Хамгийн түрүүнд МУИС судалгааны Их сургууль болох эрхзүй. Хоёрт, их, дээд сургуулиудын дундын хамтын сүлжээ лаборатори байгуулах явдал. Жишээ нь манай МУИС дээр Азид ховорхонд орох лазерийн лаборатори байна. Энд эд эсийн түвшинд судалгаа, шинжилгээ, оношлогоо хийх боломж байна.

Эцэст нь, шинэ технологи, инновацид тулгуурласан аж үйлдвэр-их, дээд сургуулиудын хамтын ажиллагааг бодитойгоор дэмжиж хөгжүүлэх явдал чухал, шаардлагатай байна. Энд үр дүн дээр тооцоолж суурилсан, хялбаршуулсан санхүүгийн механизм үгүйлэгдэж байна.

-Кубад биотехнологийн салбар хэрхэн хөгжиж байна вэ?

-Үнэхээр гайхамшигтай.  Тус улсад биотехнологийн хөгжил дэвшил ямар өндөр түвшинд хүрснийг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрч, АНУ сонирхож байна. Тус улсад 1980-аад оноос эхлээд төр, засгаас бодлогоор дэмжиж, удирдагч Фидель Кастро өөрөө биечлэн анхаарч хөгжүүлж ирсэн.

Та бүхэн мэднэ, Куба улс анагаах ухааны салбарт шилдэг, тэргүүлэгч орны нэг. Ялангуяа шүдний эмнэлгээр алдартай, манай олон эмч нар социализмын үеэд тэнд сурч төгссөн. Тиймээс одоо боловсогн хүчин бэлтгэх чиглэлээр хамтран ажиллаж хуучин харилцаагаа сэргээж байгаад баяртай байна гэв.

Хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хуралд оролцсон Куба улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул далгадо Консепсионы хэлснээр анх Кубын Биотехнологийн төвийн мэргэжилтнүүд Монголд ирж дээр дурдсан вакцин, эм бэлдмэлийг Монголд бэлтгэж, нийлүүлэх талаар 19 газраар орж хамтран ажиллах санал тавиад явсан байна.

Түүнээс хойш дээрх газруудаас нэг ч хариу өгөөгүй бөгөөд ганцхан байгууллага л хүлээн авч хандсан нь “Монгол Эмимпекс концерн” бөгөөд одоо тус компани Кубаас элэгний В, С вирус болон чихрийн шижин өвчний эсрэг эм, хорт хавдраас сэргийлэх эм бэлдмэл, малын шүлхий өвчний вакцин оруулж ирэхээр болж, бэлтгэл ажлыг хангаад байна.

Эхний ээлжинд дээрх эм бэлдмэлүүдийг Монгол улсад оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ-аас өгөөд байгаа аж. Энэ талаар “Монгол Эмимпекс концерн”-ийн Ерөнхий захирал Б.Болормаагаас асуув.

-Энэ эм бэлдмэлүүд Монолд хэзээ орж ирэх вэ? Ямар үнэээр худалдах вэ?

-Бид Кубад очиж биотехнологийн хөгжил дэвшил ямар өндөр түвшинд хүрснийг газар дээр нь үзэж танилцсан. Ингээд хамтарч ажиллахаар болж эхний импорт зургадугаар сарын эхээр хийгдэнэ.

Үнэ ханшийн хувьд одоо ложистик хийгдэж байгаа учир тэд болно гэж хэлэх боломж алга. Ямар ч байсан хэдхэн мянгаар тогтохгүй. Энэ бол дэлхийд тэргүүлэх технологи, инновац шингэсэн бүтээгдэхүүнүүд. Гэхдээ бид иргэддээ аль болох боломжийн үнээр нийлүүлэх талаар ярилцаж байна.

Ганц жишээ хэлэхэд чихрийн шижинтэй хүмүүс манайд их бий. Клиникийн 3-р эмнэлгийн мэдээллээр нийслэл хотод жилд мянгаад хүн өвчин нь хүндэрч гангрениас болж хөлөө тайруулахад хүрч байна. Тэгвэл Кубын чихрийн шижингийн эсрэг эм бэлдмэл нь өвчтөн хөлөө заавал тайруулах бус, хөл гартайгаа үлдэж эдгэрэх тийм үйлчилгээтэй, боломжтой болж байгаа юм. 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ