Оюутолгойн гэрээний үр ашгийг нэмэгдүүлэх лобби бүлэг байгуулав

2018-05-17 15:35      ГэрэгМН

УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Ганболд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан нарын нэр бүхий 14 гишүүн “Оюутолгой төслийн үр ашиг, өгөөжийг нэмэгдүүлэх”-ийн төлөө лобби бүлэг байгуулж ажиллах болсноо мэдэгдлээ.

Тэд оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг сайжруулах, оюутолгой төслийн үр ашиг өгөөжийг монголын талд ашигтайгаар нэмэгдүүлэн баталгаажуулах, далд уурхайн санхүүжилтын гэрээ буюу Дубайн гэрээний алдааг засаж, шинэчлэн байгуулах гэсэн үндсэн асуудалд анхаарал хандуулж ажиллах юм байна. Ингэхдээ УИХ-ын гишүүд болон оюутолгой төслийн талаар ажил хэрэгч санал гаргаж буй хэнтэй ч хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Ж.Мөнхбат: Өмнө нь оюутолгойн гэрээтэй холбоотойгоор хоёр удаа ажлын хэсэг байгуулан шалгаж байсан. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үед Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан. Үүний үр дүнд “Гэрээ хэрэгжихгүй байна. Монгол Улсын 22 хуулийн заалтыг зөрчсөн үйл ажиллагаа явуулжээ” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Өнгөрсөн парламентын үед МАН-ын цөөнхийн бүлгээс ажлын хэсэг гарч Дубайн гэрээг шалгасан. Ингээд “Монгол Улсад үр ашиг, өгөөжгүй гэрээ болжээ” гэж дүгнэсэн. Энэ удаад УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Тиймээс бид иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дуу хоолойг сонсож, ажлын хэсэг болон Засгийн газарт байр сууриа хүргүүлнэ.

Ч.Улаан: Оюутолгойн асуудлаар олон ажлын хэсэг гарч ажилласан. Бүгд дүгнэлт гаргадаг боловч тэр нь төрийн бодлого үйл ажиллагаа болж хэрэгжиж байсангүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Энэ асуудлаар төрийн өндөрлөгүүдийн байр суурь маш тодорхой болсон. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдааны үеэр “Улс нь баялагтай атал ард түмэн нь өрөнд орж байвал бид баялагаа ашиглахын утга учир юу байна. Хууль, дүрмээ өөрчлөхөөс өөр арга байхгүй” гэдгийг илэрхийлсэн байгаа. Ерөнхий сайд “Оюутолгойн гэрээний үр өгөөжийг дээшлүүлэх талаар идэвхтэй ажиллана” гэдгээ хэлчихсэн. Бид албан ёсны ажлын хэсгийн үйл ажиллагааг дэмжиж, нягт хамтран ажиллана. Лобби бүлгээс дөрвөн гишүүн ажлын хэсэгт багтсан.

Ц.Жаргал




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ