"Глоб кредит" хоршооны хөрөнгийг хэтэрхий багаар үнэлсэн нь тогтоогджээ

2018-05-17 14:47      ГэрэгМН

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр 1226 хохирогчдын хохирлыг барагдуулах нөхцөл бүрдсэн талаар өнөөдөр /2018.5.17/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр ““Глоб кредит”-тэй холбоотой хэрэг үүсээд 12 жил болжээ. Одоогоос гурван жилийн өмнө миний бие хорих ял эдэлж суллагдаад, өдийд хэвлэлийн бага хурал хийж байсан. Тухайн хурал дээр энэ хэргээс болж нэг ч хүнийг хохироохгүй гэдгээ мэдэгдсэн.

Мөн ял эдэлж байх хооронд зүй бусаар захиран зарцуулж, хууль бусаар  дуудлага худалдаа болон өөр хэлбэрээр үнэгүйдүүлсэн хөрөнгийн учрыг олж, хохирлыг 100 хувь барагдуулна гэдгээ мэдэгдсэн.

Суллагдсанаас хойш гурван жилийн хугацаанд миний бие юу хийснийг мэдэхийг хүссэн хүн олон байгаа гэж үзээд өнөөдрийн мэдэгдлийг хийж байна. Гурван жилийн хугацаанд “Глоб хамтын бат итгэл” хохирол барагдуулах нийгэмлэг 2010 онд байгуулагдсан. Үүнтэй хамтран ажилласны дүнд багагүй зүйлийг амжууллаа” гэлээ.

2006 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөрөнгө үнэлэх комисс томилогдож, “Глоб кредит”-д үнэлгээ хийхдээ хөрөнгийг нь хоёр дахин бууруулж үнэлсэн байна гэв. Хөрөнгийг мөрдөн байцаах шатанд 9.6 тэрбумаар үнэлсэн байдаг бол тус комиссын үнэлгээгээр 4.3 тэрбумаар үнэлжээ.

Улмаар уг захирамжид гомдол гарган Захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулжээ. Тиймээс комиссын үнэлгээгээр дуудлага худалдаанд орсон хөрөнгийг захирамжийн дагуу хүчингүй болгож бүгдийг шинээр эхлэх нөхцөл бүрдсэн гэсэн юм. Түүнчлэн захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрээр дахин хөрөнгийг үнэлэхэд 21 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн гэнэ.   

Ж.Мэндбаяр “Бидэнд бүх үйл ажиллагааг хүчингүй болгох хувилбар байна. Мөн 21 тэрбум төгрөгийг гэм хорын нөхөн төлбөр болгон нэхэмжлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Глобын хохирогчдын хохирлыг барагдуулахад бэлэн болсон гэсэн үг.

Дээрх шийдвэрт төр буруутай нь тогтоогдсон тул бид хохирлоо төрөөс шүүхээр нэхэмжлэх ёстой болсон гэдгийг мэдэгдье. Тэгэхээр “Глоб кредит”-ийн 1226 хохирогчдын хохирлыг 100 хувь барагдуулахад нэг алхам дутлаа. Бид Иргэний шүүхэд хандан хохирлоо нэхэмжлэх, шүүхийн шийдвэрт үндэслэн бидний хохирлыг барагдуулах боломжтой” гэлээ.   

Үргэлжлүүлэн “21 тэрбум төгрөг нэхэмжлэхийн тулд  600 сая төгрөгийн өмгөөллийн хөлс төлөх ёстой. Үүний урьдчилгаа 200 сая төгрөг болон шүүхийн тэмдэгтийн хураамж болгон 100 сая төгрөг бүрдүүлэхээр ажиллаж байна. Суллагдсанаас хойших гурван жилийн хугацаанд миний бие зүгээр суусангүй, энэ мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэлээ.

Түүнчлэн төр тухайн хоршооны хөрөнгийг үнэгүйдүүлсэн, үрэгдүүлсэн, хууль бусаар захиран зарцуулсан, шамшигдуулсан зэрэг 26 үйлдэл дээр нотлох баримт цуглуулжээ. 

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоонд  хохирсон иргэдийг шинэчлэн бүртгэх гэнэ. Энэ сарын 19-нд “UB палас”-д 12.00 цагт хохирогчдыг шинээр бүртгэж, мэдээлэл өгнө гэлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ