“ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2018” үзэсгэлэн худалдааны үеэр дотоодын үйлдвэрлэгчдэд сургалт явуулна

2018-05-17 11:20      gereg

-Энэ үеэр дэлхийд өрсөлдөх шинэлэг Монгол брэнд бүтээгдэхүүнийг тодруулахаар болжээ-

“Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа “Мишээл ЭКСПО” төвд өнөөдөр нээгдэж байна. 21 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэнд дотоодын болон Хонконг, Тайвань, БНСУ, Пакистан зэрэг бусад улс орны 100 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн шилдэг бүтээгдэхүүнээ үзүүлж үзэсгэлэн худалдаа явуулах юм.

Үндэсний үйлдвэрлэгч, гар урлаач, дотоодын хүнсний үйлдвэрүүд шинэ төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулна. Үзэсгэлэнд тавигдсан бүтээгдэхүүнээс дэлхийд өрсөлдөх шинэлэг Монгол брэнд бүтээгдэхүүнийг тодруулах юм байна. Шалгарсан бүтээгдэхүүнийг зорилтот зах зээлд гаргана. Үүний тулд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим инноваци шингэсэн шинэлэг бараа бүтээгдэхүүнүүдийг гаргаж ирэх, старт ап-уудыг дэмжихэд илүүтэй анхаарч ирлээ гэж МҮХАҮТ-ын Маркетингийн газрын дарга П.Анхтуяа хэлж байна.

Үзэсгэлэн худалдаанд Хонконгийн бизнес эрхлэгчид далайн гаралтай бүтээгдэхүүн, сувдан гоёл, Пакистанаас үнэт чулуун эдлэл, Тайваниас цахилгаан тоног төхөөрөмж бараа, БНСУ-аас гоо сайхны бүтээгдэхүүн, гэр ахуйн хэрэглүүдтэй иржээ.

Үзэсгэлэнгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан путик ажиллуулж тэдний бараа, бүтээгдэхүүнийг сурталчилна.

Мөн дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийнхэнд зориулан “Гэрээний маргаанаас үүдсэн асуудлыг Арбитраар шийдэх нь”, “Сав баглаа боодол”, “Олон улсын үзэсгэлэнгийн стандарт”, “21-р зууны бизнес модель” сэдэвт экспортод бараа, бүтээгдэхүүнээ хэрхэн гаргах талаар сав баглаа боодлоос эхлээд имижээ хэрхэн бүрдүүлж сайжруулах, олон улсын үзэсгэлэн худалдаанд хэрхэн оролцох зэрэг дөрвөн төрлийн сургалт зохион байгуулж явуулна гэж байна. Сургалтанд үзэсгэлэн-худалдаанд нийт оролцогчдын 50 хувь нь хамрагдахаар бүртгүүлсэн байна.

“Жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2018” олон улсын үзэсгэлэн худалдаа” энэ сарын 20 хүртэл үргэлжилнэ.

Тодруулга: Нийслэл хотод 5500 гаруй үйлдвэрлэл эрхлэгч байдгийн 70 гаруй хувь нь 1-5 ажилтантай ЖДҮ эрхлэгчид юм байна.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх