Ц.Болорчулуун: Тариалангийн бүс тогтоосноор малчдыг нүүлгэнэ гэсэн үг биш

2018-05-16 16:21      geregmn

Газар тариалангийн бүс тогтоосонтой холбогдуулан ХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Газар тариалангийн бүс нутгийг тогтоосны ач холбогдлыг юу гэж харж байна вэ?

-Үр тариа, төмс хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг 100 хувь хангаж, цаашид экспортлох чиг баримжаатай үйлдвэрлэл явуулахыг зорьж байна. Тиймээс га-гаас авах ургацын хэмжээг нэмэхийн тулд байгаль цаг уурын хуурайшилтын эсрэг орчин үеийн зөв технологи нэвтрүүлэх шаардлагатай. Уг нь энэ технологийг нэвтрүүлж чадвал дараа хаврын тариалалт хүртэл хөрсөнд чийг байлгах боломж бүрдэнэ. Нэвтрүүлье гэхээр бэлчээрийн мал аж ахуйтай учраас талбайг нь талхлаад болохгүй байна. Тэгэхээр бид үнэтэй техник авчирч ашигласны эдийн засгийн үр ашиг гарахгүй. Тиймээс бүс тогтоож байгаа. Хэрэв га-гаас авах ургацийн хэмжээг нэмэгдүүлж, экспортод гаргах гэж байгаа бол технологио зөв барих зайлшгүй шаардлага бий.

-Тэгэхээр тариалангийн бүс дэх малын бэлчээрийг хориглоно гэсэн үг үү?

-Хориглохгүй. Тариалангийн бүс нутгаа хашаажуулах аяныг ХХААХҮЯ-наас зохион байгуулж байгаа. Дараа жилээс хашаажуулсныхаа хэмжээгээр ойн зурвас байгуулна. Үйл ажиллагаагаа үе шаттай хэрэгжүүлэх юм. Газар тариалангийн бүсийн хувьд тухайлбал, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын тав дугаар багт мал аж ахуй байж болно. Гэхдээ мал аж ахуй нь 500-1000 малаас ашиг шим авах хэмжээний эрчимжсэн мал аж ахуй байх юм. Түүнээс 2000 малтай 20, 30 өрх газар тариалангийн бүс нутагт байж таарахгүй.  

-Тоо толгой нь 500-д хүрэхгүй малтай өрхүүд яах вэ?

-Бид өнөөдөр тариалангийн бүс тогтоосноор маргааш малчдыг нүүлгэнэ гэсэн үг биш. Бидний хэтийн зорилго, цаашдын баримтлах бодлого бол газар тариалан эрхлэнэ, түүнийг дагуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлье л гэж байгаа хэрэг. Үүнийг алсын зорилго гэж ойлгох хэрэгтэй.

-Газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг төрөөс хэрхэн дэмжих вэ?

-Газар тариалангийн хувьд олон дэмжлэг бий. Тухайлбал, үрийн буудай, техник, тоног төхөөрөмж, хаврын тариалалтад шаардлагатай шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэгийг үзүүлдэг. Эрчимжсэн мал ажуйг дэмжихдээ өндөр ашиг шимтэй малыг оруулж ирж нэг малаас авах ашиг шимийг өндөр байлгах чиглэлд анхаарна.

Өнөөдөр газар тариалангийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд техник, газар, ажиллах хүн хүч, туршлага нь бий учраас сэлгээний таримал тарих боломжтой. Сэлгээний таримал бол малын тэжээл. Малын тэжээлийг нь дагуулаад эрчимжсэн мал аж ахуй мах, сүүний чиглэлийн  томоохон фермүүд байгуулж болно. Газар тариаланг дагуулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлнэ гэдгийн утга учир нь үүнд байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн тарьсан тэжээл зарагддаггүй учраас хөгжихгүй байна.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх