“Монгол-Оросын санаачилга-2018” чуулга уулзалт анх удаагаа Монголд болно

2018-05-16 08:22      gereg

 

-Чуулга уулзалтыг явуулж байх эхлэлийг тавьж санаачилсаны хувьд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ирж Монгол-Оросын эдийн засгийн форумд оролцох талаар албаны эх сурвалж мэдээлж байна-

“Монгол-Оросын санаачилга-2018” чуулга уулзалт манай оронд зургадугаар сарын 7-8-нд болох гэж байна. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар анх 2017 онд ОХУ-ын Владивосток хотноо уулзах үеэр санаачилж тохиролцсон бөгөөд цуврал арга хэмжээ болж анхны уулзалтыг ийнхүү Улаанбаатар хотноо Монгол-Оросын эдийн засгийн чуулга уулзалтаар эхлэх гэж байна.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулагдах анхны уулзалтаар хоёр орны бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг гүнзгийрүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар худалдааны харилцааг сайжруулах, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох юм байна.

“Монгол-Оросын санаачилга-2018”-ын Эдийн засгийн форум зургадугаар сарын 7-ны өглөө Төрийн ордны хурлын танхимд эхэлж “Монгол-Орос: Стратегийн түншлэлийн хөгжлийн гол хүчин зүйл худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа” илтгэл тавигдах нь. Дараа нь хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж “Бүс нутгийн болон хил дамнасан хамтын ажиллагаа - Орос-Монголын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүчин зүйл” сэдвээр салбар хуралдаан хуралдахаар төлөвлөгджээ.

 

Хоёр орны чуулган 7-ны өдрөө “Шангри-Ла” зочид буудалд банк хоорондын уулзалтаар үргэлжилж, “Хөдөө аж ахуй болон хөнгөн үйлдвэрлэлийн улс хоорондын хамтын ажиллагааны хөгжлийн үндсэн чиглэл болон стратегийн чиг хандлага” болон “Эрчим хүчний салбарын хамтын ажиллагаа: Хоёр улсын хамтын ажиллагааны шинэ чиг хандлага” сэдвээр салбар хуралдаанууд болж Оросын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл танилцуулга илтгэл тавина.

Мөн “Цөмийн шинжлэх ухаан болон цөмийн эрчим хүчний технологи” сэдвээр семинар болж салбар хуралдаан “Монгол Улсын дэд бүтцийн шинэчлэл ба хөгжил: аж үйлдвэр, тээвэр, барилгын салбарын төслийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх” сэдвээр үргэлжилнэ. Чуулганы хоёр дахь өдөр зургадугаар сарын 8-нд ОХУ-ын бизнес айлчлалын бүрэлдэхүүн манай бизнес эрхлэгчидтэй ажил хэргийн нүүр тулсан В2В уулзалтууд болох хөтөлбөр гарчээ.

Хойд хөршөөс Оросын эрчим хүч, хөдөө аж ахуй, машин үйлдвэрлэл, барилга, тээвэр, нисэх онгоцны үйлдвэрлэлийн төлөөлөл 300 гаруй хүн ирэхээр төлөвлөгдсөн байна. “Монгол-Оросын санаачилга-2018” чуулга уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин манай улсад ирж форумын санаачлагчийн хувиар оролцох талаар албаны эх сурвалж мэдээлж байгаа боловч одоогоор албан ёсны төлөвлөгөө гарч, мэдээлэл батлагдаагүй байгаа аж.

Манай талаас форумд оролцох төлөөллийг МҮХАҮТ дээр болон доорх хаягаар орж http://forms.mongolchamber.mn/view.php?id=71828 бүртгэж байна.

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх