Монголбанк 176.6 тэрбумын ашигтай ажиллажээ

2018-05-15 17:31      gereg

 

Төвбанк ашигтай ажиллахад 2006 оноос эхлэн үүссэн 80 тэрбум орчим төгрөгийн дүн бүхий аккредитивын маргаан олон улсын шүүх дээр 2017 онд нааштайгаар шийдвэрлүүлсэн нь нөлөөлжээ. Үүний үр дүнд дээрх хэмжээний нөөцийн сангийн буцаалтын орлого үүссэн талаар Монголбанкнаас өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурал дээр 2017 оны тайлангаа танилцуулахдаа мэдэгдлээ.

Макро эдийн засгийн нөхцөл байдлын тоймоор Монгол Улсын дүр зургийг 2016 оны 3-р улирал болон 2017 оны жилийн эцсийн байдлаар харьцуулж авч үзвэл эдийн засгийн нөхцөл байдал сүүлийн нэг жилийн хугацаанд сайжирчээ. Тухайлбал, эдийн засгийн өсөлт хасах 1.4 хувь байсан бол жилийн эцсээр 5.1 хувийн өсөлттэй гарсан.

Инфляцийн үзүүлэлтийн хувьд өсөлттэй байсан нь өнгөрсөн оны 9-р сард эрт хүйтэрч, ургац алдаж, болц гарц муу байсан, мөн түлш, шатахууны үнэ нэмэгдсэн сөрөг нөлөөллүүд гарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд үнийн дарамт ирсэн.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлд инфляцийг 8 хувиас дээшгүй түвшинд байлгах зорилтыг тавьсан. Оны эхэнд 0.5 хувь байсан үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2017 оны туршид өсч, оны эцэст улсын хэмжээнд 6.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.2 хувьд хүрсэн ч зорилтот түвшинд хадгалагджээ.

Гадаад валютын нөөц 1.3 тэрбум ам.доллар байсан бол 3 тэрбум ам.долларын нөөцтэй болж нэмэгдсэн. Үүнд төлбөрийн тэнцэл 1.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлжээ.

Монголбанкинд 2016 оноос хойш хуримтлагдсан 3 их наяад төгрөгийн алдагдал юунаас бий болов. Алдагдлыг бууруулах талаар юу хийж байгаа талаар танилцуулав. Алдагдал яагаад үүссэн гэхээр 2008 оны хямралыг бодвол 2016 оны нилээн хүчтэй шокийг хүлээж авахад эдийн засгийн нөхцөл байдал тааруу байсан ч сүүлийн жилүүдэд эерэг талын үзүүлэлттэй гарч байна. Гэвч нөгөө талдаа энэ нь Монголбанкны баланс дээр зарим нэг талаараа алдагдал болоод бичигдсэн юм.

Энэ бол Төв банк өөртөө өөрөө зарцуулчихсан хэмжээний мөнгө биш. Энэ нь нийт эдийн засаг, Засгийн газар, арилжааны банкуудаар дамжин гарсан хөрөнгө, гадаадын банкуудаас авсан зээлд хувийн секторын өмнөөс эрсдэл хүлээсэн тэр зардлууд зэрэг юм. Нэг ёсондоо санхүүгийн үүсмэл хэрэгслүүд, гадаад валютын дахин үнэлгээ гэх мэтээр Монголбанкны баланс дээр он дараалан гарсан алдагдлууд нь эдийн засгийн өмнөөс Төв банкны баланс дээр хүлээгджээ.

Гадаад талаас олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, дотооддоо Засгийн газар, арилжааны банкуудтай харилцан ажилладаг Монголбанкны баланс дээрх алдагдал нь нөгөө талууд дээр ашиг болон бичигдэж байгаа юм.

Засгийн газар арилжааны банкуудаар дамжуулаад гарсан алдагдлууд юу болж байна гэхээр цаагуураа дамжаад иргэдэд ашиг болон хүртэж байсан гэсэн үг. Тиймээс эдийн засгийн сүүлийн 4 жилийн байдал, аажмын уналт гэдэг нь зөөлрүүлэх бодлогын үр нөлөө бөгөөд энэ нь Монголбанкны баланс дээр тусчихсан байгаа тоо гэсэн үг аж.

3 их наяадын хуримтлагдсан алдагдлыг хуулийн дагуу Засгийн газрын үнэт цаасыг гаргаад шийдвэрлэж болно. Баланс дээр тоогоо л өөрчлөөд Засгийн газраас шилжүүлэг аваад шийдчихэж болно гэсэн үг. Энэ нь гурван харилцагч тал руугаа гаргачихсан байгаа  алдагдлуудаа нэг талаасаа ашиг болгоод шийдвэрлэнэ гэсэн үг.

Гэхдээ Төвбанк ийм сонголт хийхгүйгээр, өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлуудаа авч үзсэний дүнд төрөөс үнэт цаас гаргуулахгүйгээр шийдвэрлэхээр болоод байна. Юу гэвэл өнгөрсөн хугацаанд гарсан алдагдлын хэмжээ өнөөдрийн бидний явуулж байгаа үйл ажиллагаанд хамааралгүй үзүүлэлт болж байгаа.

2008 онд гарч байсан 28 хувийн инфляц өнөөдрийн үнийн өсөлтөнд нөлөөгүй байгаа шиг, өнгөрсөн хугацаанд гарсан балансын алдагдлыг засварлах үүднээс өнөөгийн бодлогыг өөрчилж болохгүй. Тиймээс бид зарчмын хувьд өмнөх хямралын үед гарсан бодлогуудаас хэвийн эдийн засгийн бодлого бүхий үйл ажиллагаа руу шилжиж, баланс дээрээ өөрийн ашгаа гаргаад явах нь зүйтэй гэж үзсэн.

Дахин хэлэхэд өмнө нь үүссэн алдагдлууд ихэвчлэн балансын бичилтийн хэлбэрээр, үүсмэл хэрэгслийн дахин үнэлгээ, валютын ханшийн тэгшитгэл гэх мэтээр бодит бус алдагдлууд байгаа учир энэ бүхэн нь дараа дараагийн жилийн баланс дээр тусаад явах үзүүлэлтүүд юм. Ийм учраас энэ асуудлыг бид өөрсдийн дотоод үйл ажиллагаагаар шийдвэрлье гэсэн шийдэлд хүрсэн гэв.

 

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх