Д.Дэлгэрсайхан: Жилд дунджаар 75 мянган хүн шинэ паспорт авахаар байна

2018-05-15 17:07      geregmn

Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан. Гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байгаа юм. Үүнтэй холбогдуулан ОӨУБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайханаас тодрууллаа.

-Монгол Улсын иргэд аль нэг улсын хилээр нэвтрэхэд яг ямар асуудал үүсээд байгаа юм бэ?

-Гол яригдаж буй асуудал нь паспорт сунгалттай холбоотой. Өмнө нь бид 1-5 жилээр хоёр удаа сунгах эрхтэй паспорт олгож байсан. Техник, технологи хөгжсөн аль ч улсын хил гаалиар нэвтрэхэд гадаад паспортны нэгдүгээр хуудсыг уншуулдаг. Гэтэл өмнө нь хэрэглэж байсан паспортны зургадугаар хуудсан дээрх тамга, гарын үсэг бүхий сунгалтыг тус программ уншигддаггүй. Иймээс тухайн улсын хил гаалийн автомат системд Монгол Улсын иргэний гадаад паспортны нэгдүгээр хуудсан дээр тэмдэглэсэн хугацаа нь гардаг. Үүнээс болоод “хугацаа нь дууссан байна” гэх асуудал үүсч байгаа юм.

-Казахстан улсын хил дээр яг ийм асуудал үүссэн гэсэн. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй юм уу?

-Практикт гарсан эхний тохиолдол нь энэ юм. Уг асуудлыг 2010 оноос хойш ярьж эхэлсэн. Олон улсын иргэний нисэхийн стандартаар 2010 оноос өмнө гар аргаар уншигддаг паспорт /хуучин паспорт/-ны хэрэглээг зогсоохыг зөвлөсөн байдаг. Манай улс тухайн онд нь зөвлөмжийг хүлээн авсан. Ингээд гар аргаар уншигддаг паспортыг хэрэглээнээс гаргах асуудлыг 2015 оноос хойш ярьж байна. Засгийн газрын 126 болон 154 дүгээр тогтоолоор паспортны хүчинтэй хугацааг 5, 10 жилээр сунгах тогтоол гарсан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны гуравдугаар сарын 20-ны өдөр Засгийн газраас 94, 95 дугаар тогтоол гаргаж, гадаад паспорт дээр сунгалт хийхийг хориглосон юм.  УБЕГ-аас энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн гадаад паспортанд сунгалт хийхгүйгээр шинээр олгож байгаа.

Сүүлийн таван жилийн статистикийг харвал жилд 100 мянга гаруй хүний гадаад паспортыг сунгасан байдаг. Өнөөдрийн байдлаар паспортны хугацаа нь дууссан иргэдэд мөн адил шинэ паспорт гаргах шаардлага гарсан. Ачаалалтай байна. Зургаан төв, дөрвөн нэгдсэн үйлчилгээний төвд өдөрт 1300 орчим хүн хандаж байна..

-Гадаад паспортоо урт хугацаагаар сунгасан хүмүүс бий. Тэдгээр хүмүүс дахин шинээр авна гэсэн үг үү?

Гадаад паспорт нь сунгалттай 381 мянган хүн байна. Өнгөрсөн жил хугацаагаа сунгасан учраас 2022 онд дуусахаар байгаа юм. Үүнийг тооцож үзвэл жилд дунджаар 75 мянган хүн шинэ паспорт авах тухай яригдана.

-Хилээр олон удаа нэвтэрдэг хүмүүсийн паспортны хуудас нь дуусдаг. Стандартыг нь өөрчлөх маягаар үүнийг шийдэх боломж бий юү?

-Энэ асуудлаар ХЗДХЯ-наас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Иргэдээс  “Сунгалтыг больж байгаа юм бол 10 жилийн хугацаатай паспорт гаргаж өгөөч. АНУ-ын виз 10 жилээр гардаг. Тиймээс энэ хугацаанд эрх бүхий хүчинтэй паспорт хэрэглэмээр байна” гэсэн санал ирсэн. Гэтэл стандартаараа ийм байх боломжгүй юм. Одоогийн гадаад паспорт 32 хуудастай. Хуудас нь дууссан учраас шинэ паспорт авч буй хүн олон бий. Ажлын хэсгээс хуудасны тоог нэмэх, паспортны стандартыг сайжруулах тал дээр нэлээд зүйл хийх байх гэж хүлээж байна. Шинэ гаргаж буй паспорт бол олон улсад зөвшөөрөгдсөн паспорт.

адаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь 6 сар байх шаардлага тавигддаг. Хугацаа нь дуусах дөхсөн иргэд дахин шинээр авах юм уу?

 -Паспортны хүчинтэй хугацаа зургаан сарын байх ёстой гэдэг нь манай байгууллагаас тавьсан шаардлага биш. Тухайн хүний ямар улсын визэнд орж, хаашаа явах гэж байгаагаас хамаардаг. Жишээ нь, иргэн зургаан сарын хугацаатай гадаадад аялахаар төлөвлөж байтал гадаад паспортны хугацаа нь гурван сарын дараа дуусах тохиолдолд шинэ паспорт авч болно.

Ц.Цэнгэл




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мөөёө

Захын БНХАУын паспорт 10 жилийн хүчинтэй гардаг 10 жил дотор тэр хятад сунгуулах 5 жил болоод дахиж авах зэрэг асуудал гарч өөртөө болон паспортийн хэлтэст хүндрэл учруулахгүй амар байна шүү.

2018-05-16 10:50    202.70.37.2

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ