Д.Сумьяабазар: Оюутолгой бол гадны биш Монгол Улсын төсөл, бүү улстөржүүлээсэй

2018-05-15 13:06      ГэрэгМН

Өнөөдөр Уул уурхайн яамнаас ээлжит 'Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлыг хийлээ. Уг хэвлэлийн хуралд салбарын сайд Д.Сумъяабазар болон  АМГТГ-ын орлогч дарга нар, яамны газар хэлтсийн дарга нар болон 'Эрдэнэс Монгол' ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт нар оролцов. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тавдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий аймагт ажилласан байна.

Дорноговь аймгийн МАК-ын Хөх цавын цементийн үйлдвэр, “Доншен газрын тос Монгол”, “Бадрах энержи”, “Мон- Атом”, “Монцемент”, “Сайншанд салхин парк” зэрэг компаниудын үйл ажиллагаатай танилцсан тухайгаа хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар төлөвлөсөн тул ийнхүү газар дээр очиж нөхцөл байдалтай нь танилцжээ. Байгалийн баялаг ихтэй мөн дэд бүтэц сайн хөгжсөн учраас тус аймагт Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар сонгосон.

Түүнчлэн Дорноговь аймагт байрлах Монголын хамгийн том хоёр цементийн үйлдвэртээ түшиглэн, гурван улсын хамтарсан босоо тэнхлэгийн хурдны автозам байгуулахаар төлөвлөсөн талаар хэвлэлийн хурлын эхэнд онцолж байлаа.

Д.Сумьяабазар 'Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 567.9 тэрбум төгрөгөөр үүнээс нүүрс олборлолт 295.9 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 223.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд уул уурхай, олборлох салбар 72.3 хувийг эзэлж байна.

Мөн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.3 их наяд төгрөгт хүрлээ. Үүнд уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дөрөвдүгээр сард 3.9 их наяд төгрөг буюу 73.4 хувь, уул уурхай, олборлох аж үйлдвэр 3.4 их наяд төгрөг буюу 64.3 хувийг гадаад зах зээлд тус тус борлуулсан байна.

2018 оны дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өссөн” гэв.

Ашигт малтмал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.2 тэрбум төгрөг буюу 30.9 хувиар буурсан байна. 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 3,707.3 сая ам.доллар болж  2017 оны мөн үеэс 690.0 сая ам.доллар буюу 22.9 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 543.4 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарчээ.

Импортоор 1.581.9 сая ам.доллар буюу 41.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.  Тавдугаар сарын 14-ны байдлаар Монгол Улсын хэмжээнд ашигт малтмалын 3330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна. Ийнхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Оюутолгойн гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. Таны зүгээс Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдийг солино гэж  ярьж байсан юу болсон бэ?

-Оюутолгойн төсөлтэй холбогдуулан  Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад  шалгалт орж байгаа гэж хэлж болно. Харин уул уурхайн яаманд шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн асуудал нь яригдах байх. ТУЗ-ийн гишүүдийн тухай хэлэхэд, Оюутолгойн төсөлтэй хамгийн ойр ажиллах ёстой хүмүүс бол монгол талын 34  хувийг төлөөлж байгаа ТУЗ-ийн гишүүд юм.

Цаашид төлөөллийн салбаруудаас нь ТУЗ-д оруулах ёстой гэдэг байр суурийг баримтлах нь хамгийн зөв гэж бодож байгаа. Түүнээс биш салбарын бус төлөөлөл нь яамдуудтайгаа уялдаж өгдөггүй ажлын уялдаа холбоо цалгарддаг, мэдээллийн урсгал ирдэггүй асуудал үүсдэг. Өнөөдөр Оюутолгойд үүсээд байгаа асуудал ч үүнтэй холбоотой. Үүнийг засч залруулан төслийг цааш нь үргэлжлүүлэх ёстой гэдэг байр сууриа би илэрхийлсэн.

-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн үү?

-Хууль бус тусгай лицензүүдийн асуудыг  Ашигт малтмал газрын тосны газарт үүрэг чиглэл өгсөн байгаа. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.

-Татварын Ерөнхий газраас Оюутолгойд 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас Арбитрт очих асуудал яригдаж байна. Энэ асуудалд салбарын сайд ямар байр суурьтай байгаа вэ?

-Татварын асуудалд хоёр талаас Ажлын хэсэг байгуулагдсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. Оюутолгой бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улстөржүүлээсэй гэж хүсэж байна. Улстөржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах үгүй эсэх нь өөрсдийнх нь асуудал. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болов арбитрт хандаад байж болохгүй.

-Дубайн гэрээг Аудитаар шалгахаар болсон. Тус гэрээнд аудит орох хэмжээний зүйл заалт үүссэн гэж ойлгох уу?

-Ажлын хэсгээс тодруулж байж хариулт өгмөөр байна. 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх