Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүд “Хамтдаа хайрлая-2018” аялалд явлаа

2018-05-15 11:29      gereg

Өнөөдөр Дэлхийн гэр бүлийн өдөр. Энэ өдөр Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийг оролцуулсан “Хамтдаа хайрлая-2018” өдөрлөг зохиож байна.

Өнгөрсөн жил эднийх хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй 5 гэр бүлийг алдаршуулж урамшуулсан бол энэ жил хөдөлмөрөөрөө бусдыг манлайлж буй нийслэлийн шилдэг 6 гэр бүлийг оролцуулан XIII зууны цогцолбор, Чингис хааны хөшөө Цончинболдог зэрэг түүхийн дурсгалт газраар аялуулж байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлд нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж нэг өдөр ч нийгмийн амьдралд идэвхтэй оролцож аялж кино үзэн зургаа авахуулах зэргээр сайхан дурсамжийг үлдээж байна гэж төвийн дарга Ц.Ганчимэг ярьж байна.

Тэрээр энэ өдөр нь баяр ёслолын гэхээсээ илүү гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд, ийм хүнтэй гэр бүлүүдийн тухайд халамж хайр, анхаарлын өдөр юм.

Хэдийгээр бид тухайн хүмүүсээ өдөр бүр анхаарч хайрлаж байх учиртай ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд амьдралын чанар, баталгаа бусдаас дутмаг байдаг. Үүнийг л нэг талаар нийгэмд ойлгуулж, нөгөө талаар тэднийг анхаарах ёстой гэр бүлийн өдөр юм гэв.

Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв нь Сэргээн засах эмнэлэг, протез ортезийн үйлдвэр, Үйлдвэрлэл сургалтын төв зэргээс бүрддэг байна. Сэргээн засах эмнэлэг жилд давхардсан тоогоор 9 мянган хүнд үйлчилдэг бол сургалтын төвд 1800-2200 хүн хамрагддаг.

Тус төв үйлчилгээ, сургалтаас гадна албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд очиж ажиллан сургалт зохион байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай байгууллага тэдэнд хэрхэн анхаарч, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр нийгмийн нөлөөллийн ажлууд хийж байна.

Саяхан Засгийн газрын хуралдаанаас Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийг хэрэгжүүлэгч агентлаг болгох шийдвэр гаргаад байна. Ингэсэн нөхцөлд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчилгээг нийгэмшүүлж, салбар дундын уялдаа холбоог ханган ажиллана гэж Ц.Ганчимэг дарга хэлэв.

Тодруулга: Улс үндэстэн энх тайван оршин тогтнох нийгмийн хамгийн анхдагч нэгж нь гэр бүл байдаг. Тэдний сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл болдог.

Энэ үүднээс одоогоос 25 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 15-ныг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон зарлаж тэмдэглэж иржээ. Манай улс энэ өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ жил манай улс уг өдрийн хүрээнд Төрийн ордонд жанжин Д.Сүхбаатар танхимд  “Гэр бүлийн талаархи бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ.

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ