Эмгэнэл: Зохиолч, найрагч А.Эрдэнэ-Очир тэнгэрт дэвшлээ

2018-05-15 09:16      ГэрэгМН

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын зохиолчдын эвлэлийн Удирдах Зөвлөлийн дарга, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир цэл залуу насандаа мөнх бусыг үзэж хорвоог орхижээ.

Монголын их утга зохиол, яруу найрагт түүхийн шинэ хуудсыг нээж “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн нэгэн үеийн яруу найрагчдын төлөөлөгч бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг уран бүтээлч маань Завхан аймагт ажиллаж явахдаа өөд болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болжээ. Яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтай. Шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртсэн.
“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд бүтээл нь нийтлэгдсэн. Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулан хэвлэгдсэн байна. МЗЭ-ийн 80 жилийн ойгоор Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн. Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо хүргэсэн бол мөн онд Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулсан.
Өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулсан утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байлаа.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
.

Тэнгэрт дэвшинэ...анх удаа ингэж бичиж байхыг харлаа. Нэг л биш ээ.

2018-05-15 11:34    103.57.93.134

Сэтгэгдэл нэмэх