Т.Саруул:Шүргэх төдийд хөхрөлт үүсч байвал шинжилгээ өгөх хэрэгтэй

2018-04-17 18:08      ГэрэгМН

Өнөөдөр гемофили өвчтэй тэмцэх дэлхийн өдөр тохиож байна. Гемофили нь цус гоожимтгой өвчин бөгөөд цусан дахь цус бүлэгнүүлэгч факторын идэвх багассанаас үүсдэг байна. Энэ өвчний талаар Цусны эмгэг судлал, чөмөг шилжүүлэн суулгах төвийн цусны эмч Т.Саруултай ярилцлаа.

-Гемофили өвчний талаар мэдээлэл өгнө үү?

-Гемофили хэмээх өвчин нь удамшлаар эхээс эрэгтэй хүүхдэд дамждаг өвчин юм. Эх нь тээгч бол тухайн эхээс гарсан эрэгтэй хүүхэд өвчилдөг. Эцгээс бас дамжиж болно. Нарийн тайлбарлавал, эрэгтэй хүн X, Y хромсомтой. Эмэгтэй хүн X, X хромсомтой. Энэ өвчин X хромсомоо дагаж удамшдаг.

Тэгэхээр эрэгтэй хүний X хромсом нь гэмтвэл нөгөө хромсом нь өөр буюу Y учраас гэмтсэн хромсомоо нөхөж ажиллаж чаддаггүй. Тиймээс эмгэг илэрдэг. Эмэгтэй хүний хувьд X, X  хромсомтой учраас нэг X хромсом гэмтвэл нөгөө X хромсом нь нөхөж болдог. Тиймээс эмэгтэй хүнд илэрдэггүй. Тиймээс эрэгтэй хүнд илэрдэг эмгэг гэж ойлгож болно.

-Ямар шинж тэмдэг яаж илрэх вэ. Шинжилгээгээр тогтоодог уу?

-Цусархагшилын байдлаар илэрнэ. Биеэн дээр хөхрөлтөт тууралт гарч болно. Цус гоожоод тогтохгүй байх, сарын тэмдэг олон хоногоор ирдэг байж болно. Ийм шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандаж, шинжилгээ өгөх хэрэгтэй.

Нэгэнт онош нь тогтоогдсон өвчтөнүүдэд үений хүндрэл үүсдэг. Ингэснээр үе нь хавдаж, дотроо цус хурна.

Зарим хүмүүс өвчний шалтгаанаа хайж эмнэлэгт хандаад санамсаргүй байдлаар өвчнөө илрүүлэх тохиолдол бий.  

 Тухайн хүний шинжилгээн дээр өөрчлөлт илэрснээр удам зүйн зураг зуруулж удамшлын эсэхийг тогтоодог. Жишээ нь, шинжилгээн дээр өөрчлөлт илэрсэн хүн байлаа гэхэд эх нь тээгч байж болно. Эхийнх нь талын ах, дүү дотор нь эрэгтэй хүн байна уу, үгүй юу гэж удам зүйн зураг зурдаг. Хэрэв удамд нь ямар нэг гемофилийн эмгэгтэй хүн байвал гемофили өвчин байна гэдэг онош тавьдаг.

-Олдмол байдлаар тусах уу?

-Олдмол гэж байдаг. Тэр нь тодорхой хэмжээний хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаална. Олон шалтгаан бий. Кодолдог генийн хувьд өөрчлөлт орсон ч байж болно.

-Фактор эмчилгээ хийдэг гэх ойлголтыг тайлбарлаж өгнө үү?

-Хүний Х хромсом дээр байдаг генийн дараалал нь 8 юм уу, 9 дүгээр факторыг үйлдвэрлэж гаргаж ирэх ёстой.Ингэж үйлдвэрлэгдсэн фактор нь цус бүлэгнэлтэд оролцож, цус бүлэгнэлтийг хэвийн ажиллуулах ёстой байдаг. Гэтэл цаанаасаа кодолсон дараалал нь байхгүй болохоор 8, 9 дэх фактор нь үйлдвэрлэгдэж гарч ирэхгүй. Ингэснээр хэвийн бүлэгнэлт явагдаж чадахгүй цус гоождог.

-Бүрэн эмчлэгдэх боломж бий юү?

-Сүүлийн жилүүдэд ген эмчилгээг түлхүү хийе гэсэн дэлхийн зорилтууд гарч байгаа. Гэхдээ энэ нь тийм ч амжилттай болохгүй байна. Эмчлэх аргыг хайж л байна.

-Ямар тохиолодолд амь насанд аюултай вэ?

-Тухайн хүн гэмтээд, гэмтсэн даруй 30 минутын дотор фактороо сэлгүүлэх, аль эсвэл урьдчилсан байдлаар фактороо тогтмол хийлгэвэл  цус алдах эрсдэл бага байдаг. Хагалгааны өмнө урьдчилсан байдлаар, хагалгааны явцад, дараа нь гэх маягаар фактороо хийлгэвэл бусад хэвийн хүмүүстэй адил амьдрах боломжтой.

-Бага насны хүүхдүүдэд илэрдэг  үү?

-Бага насны хүүхэд мөлхөж эхэлмэгц арьсаа дагаад хөхрөлтүүд үүсч эхэлдэг. Үүгээр нь оношилдог. Сургуулийн насны хүүхдүүд үе мөч  нь гэмтэх эрсдэл гарч эхэлбэл шинжилгээ өгөх хэрэгтэй. Шүргэлт,үрэлтийн төдийд хөхөрч байвал анхаарч үзэх шаардлагатай.

 -Ийм өвчин хүндрэх тохиолдолд яах вэ?

-Нэгэнт оношлогдсон бол насан туршдаа урьдчилан сэргийлэх фактор эмчилгээ хийлгэнэ. Эмчилгээний явцад хүндэрвэл нэмэлт эмчилгээ хийдэг. Хүндрэлийн үеийн эмчилгээ хийгээд байхад ингибитор үүсвэл ингибиторын эмчилгээ нэмэлтээр хийлгэх ёстой. Факторын эмчилгээ нь нарийн технологиор гаргаж ирдэг учраас маш үнэтэй. Бага насны хүүхдүүдэд анхнаас нь энэ эмчилгээг хийвэл хавсарсан хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой.

-Хавсрах хүндрэлүүд нь юу байдаг вэ?

-Хуучин цус, цусан бүтээгдэхүүн сэлбэдэг байхад түүнтэй холбоотой харшил өгөх зэрэг эрсдэл гардаг байсан. Энэхүү эрсдэлийг бууруулж чадсан. Гемофилитэй хүмүүс бол хүнд өвчтөн биш. Фактороо хийгээд байвал бусад хүмүүстэй адилхан хагалгаанд орж, тэдэнтэй адилхан амьдрана.

 Гол нь цус алдах эрсдэл өндөртэй учраас дасгал хөдөлгөөнтэй байж, физик эмчилгээ хийх шаардлагатай. Цус хурвал хийх тусгай хөдөлгөөн заслын эмчилгээ бий. Эдгээрийг эмчийн заавраар тогтмол хийх хэрэгтэй.

Ц.ЖАРГАЛ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
БӨХ СОНИРХОГЧ

СҮХБАТ АВАРГЫН ХҮЗҮҮ НЬ ШҮРГЭХ ТӨДИИЙД УЛААН ГУВРУУ БОЛООД ХӨХӨРСӨН ТУХАЙ МОНГОЛЫН БҮХ САЙТ БОЛОН ТВ-ҮҮДЭЭР ГАРЛАА. САРУУЛ ЭМЧЭЭ ЭНЭ ӨВЧИН АВАРГА БӨХӨД ТУСАЖ БАЙЖ БОЛОХУУ. ЭСВЭЛ ТА ӨШӨӨ ОЛОН ШАЛТГААНТАЙ ГЭСЭН БНА. БАЙНГА ДОПИНДДОГ ХҮНД ЭНЭ ӨВЧИН ИЛРЭХ ҮҮ. ТИЙМ БОЛ ОДХҮҮ НАЧНЫ ЗҮЙЛ АНГИЙГ ӨӨРЧИЛЖ ТАНАЙ ЭМНЭЛЭГТ ЯВУУЛЖ БОЛДОГ БОЛОВУУ.

2018-04-18 10:42    122.201.20.178
ккк

А.СҮХБАТ ҮҮГЭЭР БОЛ МАШ ХҮНД БЭРТЭЛ АВСАН БОЛОХ НЭЭ хаха

2018-04-18 09:04    64.119.23.152

Сэтгэгдэл нэмэх