Д.Сумъяабазар:286 мянган тонн нүүрс алдагдсан асуудлыг хууль хяналтын байгууллагатай хамтран шалгаж байна

2018-04-17 14:23      ГэрэгМН

 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ)-наас өнөөдөр хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хурлаараа Үндэсний баялгийн сангийн асуудлыг хөндлөө.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар:

-Манай улс Сингапур, Норвеги, Казахстан зэрэг дэлхийн бусад улс оронд байдаг шиг баялгаас хуримтлал үүсгэх сан байгуулахаар яаман дээр мэргэжлийн судалгааны, менежментийн баг болон Ажлын хэсэг гараад ажиллаж байна.

Энэ талын хууль боловсруулж өргөн барина. Энэ бол цэвэр хуримтлалын, ирээдүйн хөгжлийн сан байх юм. Гол эх үүсвэр уул уурхайгаас орох орлогоос бүрдэнэ. Жишээ нь, төрийн өмчит “Эрдэнэс Монгол” болон түүний харъяа 16 компанийг нэгтгэж Үндэсний баялгийн сан (ҮБС)-гийн гол хуримтлалыг бүрдүүлэх юм.

Цаашлаад төмрийн хүдэр, алт, газрын тос, уран зэрэг уул уурхайн салбар, төрлүүд бүр дээр бие даасан төслүүд хэрэгжүүлж хуримтлалын санд орлого нийлүүлэгдэнэ. Бид ийм санг энэ ондоо багтаан байгуулахгүй бол, амжиж хийхгүй бол ашигт малтмалын өнөөгийн таатай үнэ ханш биднийг хүлээхгүй.

Мөн эдийн засгийн өсөлттэй байдал зэрэг нөхцөл бүхий өнөөдрийг алдвал ирэх 10 жилийн дотор бидэнд боломж ирэхгүй гэв.

Хуримтлал бол халамжийн бодлого биш

-Манайд Хүний хөгжлийн, Тогтворжуулалтын, Ирээдүйн өвийн гээд олон сан байсан, одоо ч бий. Эдгээртэй давхацаад байгаа юм биш үү? ҮБС юугаараа ялгаатай юм бэ?

-Зорилго, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтаар ч тэр өөр юм. Бусад сангийн хувьд халамжийнх болоод явсан нь ч бий, өнөөдөр дансандаа мөнгөгүй нь ч байна. Бүтэц, зохион байгуулалтын хувьд ч тэр буруу байсан. Хуримтлал бол халамжийн бодлого биш.

-Таны хөндсөн “Эрдэнэс Монгол” ХК-ийн харъяалал өнөөдөр хаана байгаа вэ? Засгийн газрын ХЭГ-ын мэдэлд байгаа гэдэг...?

-Өмнө нь ТӨХ-ны мэдэлд байгаад ХЭГ-т очсон. Засгийн газрын түвшинд яамны эрхзүйн байдлын хүрээнд чиг үүрэг нь яаманд байдаг. Одоо зөв гольдролд нь оруулах байх. Энд үл ойлголцол байхгүй. "Эрдэнэс Монгол"-ын харьяаллын асуудал эрхзүйн хүрээнд шийдэгдээд явна. Үүнийг  Д.Сумъяабазар, Г.Занданшатар гэсэн хоёр хүний хоорондын зөрчил мэтээр буруу ойлгох нь өөрөө харин буруу зүйл юм. Бид өмчлөлөөс аваад тусгай зөвшөөрөл, лиценз олголт, байгаль хамгаалал нөхөн сэргээлт, гэрээ контракт гээд энэ салбарт бүгдийг цэгцлэх үүднээс Уул уурхайн бие даасан хууль боловсруулж байна.

-286 мянган тонн нүүрс алдагдсан хэрэг ямар байдалтай явна вэ?

-Энэ үнэхээр ийм хэмжээний нүүрс мөн үү. Тийм бол ганц мөргөцөөс гарах уу, хичнээн жил тээвэрлэж гаргах билээ гээд тодруулж нягтлах зүйл олон байна. Үүнийг эхлээд тодруулж байна.

286 мянган тонн нүүрс алдагдсан асуудлыг мэргэжлийн хүмүүс багтсан Ажлын хэсэг хууль хняалтын байгууллагатай хамтран ажиллаж байна.

Бодит үнэн гарсан үед эргэж нээлттэй мэдээлнэ. Уул уурхайн бие даасан хууль боловсруулж байна

-“Бороо гоулд”-тай хаалтын гэрээ хийж байгаа юу? “Алтан Дорнод Монгол” ХХК дээр тусгай зөвшөөрлүүдийг сэргээсэн гэх юм?

УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа: 

-Энд Ноён уул, “Гацуурт” төслийн хувьд ашиглалт хийвэл үнэхээр Ноён уулыг хөндөж байгаа юу гэдгийг эхний ээлжинд тодруулах шаардлагын дагуу ажиллаж байна. Тэгээд ТББ-тай холбоотой шүүх дээрх асуудлууд байна.

Яам нийгмийн зүгээс тавьж буй шаардлагуудыг хүлээн авч байгаа. Энд нөхөн сэргээлтээс аваад хаалтын гэрээг хэрэгжүүлэх дээр мэргэжлийн хяналт оролцуулсан Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ бүхний дараа “Центерра гоулд”-тай хэлцэлд орж үлдсэн нөөцийг ашиглах тухай ярина.

“Алтан Дорнод Монгол”-ын хувьд 15 тусгай зөвшөөрлийн асуудал дээр бид шүүх дээр давж заалдаад байгаа. Нэг ёсондоо зөвшөөрөл олгосныг хууль бус гэж үзэж байгаа.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Лүндэнбат

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлаас ажигласан 2 дүгнэлт гэвэл Үндэсний баялгийн сан байгуулагдахтай холбоотойгоор тэр олон Хүний хөгжлийн, Тогтворжуулалтын г.м сангуудаа төр, засаг нэг тийш болгож, ялгаж салгаж нэг зохион байгуулалт бүхий гольдрод оруулмаар байна гэсэн санаа төрөв. Хоёрт, энэ яамд дээр ямар олон Ажлын хэсэг байгуулагдан ажилладаг юм бэ. Нэг асуудал гарч ирээд ундарлаа гэхэд л нэг Ажлын хэсэг байгуулагдах юм. Энэ олон Ажлын хэсэг юу хийж, ямар үр дүн гаргаж байгаагаа дор бүр нь мэдээлээд байвал тэр яамны үйл ажиллагаа бүрнээ яруу тод харагдах юм шиг ээ....

2018-04-17 17:07    202.179.26.208

Сэтгэгдэл нэмэх