Г.Бат-Эрдэнэ:Төрөөс цөөн том телевиз байхаар зохицуулахгүй бол энэ салбар нурах гээд байна 

2018-04-17 13:34      ГэрэгМН

Монгол ТВ-ийн Стратеги бодлого төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Бат-Эрдэнэтэй Монголын телевизүүдийн чуулганы үеэр ярилцлаа.   

-Телевизүүд   үзэгчдийн эрх ашгийн төлөө ажиллаж чадаж байна уу?  
 -Нийтлэгчийн эрх ашиг хангагдаж байж үзэгчдийн эрх ашиг хангагддаг. Телевизийн уран бүтээлчидэд нийтлэлийн болон санхүүгийн эрх чөлөө хэр байна гэдгээс бүх зүйл шалтгаалдаг. 

2015 оноос хойш телевизийн салбарт зар сурталчилгаанаас орж ирсэн мөнгө нь 28 тэрбум төгрөг. Энэ 28 тэрбум төгрөгөөс телевизийн салбарынхан цалин, бүх зардлаа хуваарилж байна.

Монголын телевизийн салбар ийм бага мөнгөтэй байгаа тохиолдолд дэлхийн хэмжээний контент үйлдвэрлэх, хэвлэл мэдээллийн ёс зүй, шантаажгүй сэтгүүл зүй ярихад хэцүү. Яагаад гэвэл, бидний орлого багатай, цалин, бааз суурь муутай. Ийм нөхцөлд бид үзэгчдийн эрх ашиг яриад нэмэргүй. Тиймээс бид төрийн зохицуулалтын байгууллагуудад хандаж, “тусгай зөвшөөрлийг багасгаж, хэдэн том телевиз үлдээж өгөөч” гэж байгаа юм. Нэгдэх нь нэгдээд чанартай хэдэн телевиз байх хэрэгтэй.
-Энэ удаагийн телевизүүдийн чуулганаар та бүхэн ямар  санал, санаачлага дэвшүүлж байна вэ? 
-Сонин өөрсдийн уншигчаасаа төлбөр авдаг. Бид ийм асуудлыг дэвшүүлж байгаа юм. Хэрэв үзэгчид таалагдсан нэвтрүүлгээ давтан үзэхдээ тодорхой хэмжээний төлбөр төлж, үүнээс телевизүүд хүртэхгүй бол энэ салбар доройтох гээд байна. Энд хэдэн хүний бизнес доройтох биш соён гэгээрүүлэх үйл унаж байгаа юм.

 Ингэснээр үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, залуусын бодол сэтгэхүй, дэлхийд өрсөлдөх чадварт нөлөөлнө. Бодлого тогтоогчид, салбарын бүх хүн анхаарлаа хандуулаасай. Тэгэхгүй бол оройтох нь. 
-Телевизүүдийн тоог төр хэрхэн зохицуулах вэ?
 -Айлд аав нь тоглоомын дүрмийг зохицуулдаг шиг Монголд төр нь үүнийг зохицуулах ёстой. Ардчилсан байдлаар давамгайлсан БНСУ, Япон зэрэг оронд өргөн нэвтрүүлгийн 5-10 телевиз, спорт, урлаг зэрэг чиглэлээр дагнасан цөөн кабелийн телевиз байна зэргээр зохицуулсан байдаг. Ийм зохицуулалт байхгүй болохоор манай улсын телевизийн салбар нурах гээд байна.
 -Үзэгч таалагдсан нэвтрүүлгээ давтан үзэхдээ мөнгө төлдөг болох тухай ярьж байна. Үүний зохицуулалт нь ямар байх вэ?
 -Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг ухрааж үздэгийг зогсоосон. Энэ нь маш их бухимдал дагуулсан.

Уг нь Монгол ТВ нэвтрүүлгээ ухрааж үзэхийг зогсоосон юм биш, бусад телевизийн эфирийг зөвшөөрөлгүй ухраадаг хууль бус үйл ажиллагааг зогсоосон.

Телевизийн салбарт шууд нэвтрүүлгийн зардлыг зар сурталчилгааны байгууллага төлдөг. Тодруулбал, “The Voice of Mongolia”-ийн зардлыг Mobicom, Хас банк зэрэг байгууллага төлдөг. Хэрэв давтан үзэх бол төлбөрийг үзэгч төлөх ёстой. 
Үүн дээр бид нэмэлт төлбөр авъя гэхгүй байгаа. IPTV-ийн 300 мянга гаруй хэрэглэгч сар бүр 30 мянган төгрөг төлдөг.

Олон сувгийн үйлчилгээ үзүүлэгчид сар бүр есөн тэрбум төгрөг хэрэглэгчдээс авдаг гэсэн үг. Есөн тэрбум төгрөг бол их мөнгө. Үүнийхээ тодорхой хувийг рейтингээс нь хамааран телевизүүдэд хувааж өгөх хэрэгтэй байна.

Ингэснээр оюуны бүтээлүүдийн сайн, муу нь ялгарна. Олон үзэгчтэй болохын тулд уран бүтээлчид илүү бүтээлчээр сэтгэж, чанартай нэвтрүүлэг хийх суурь тавигдах юм.
 -Монгол ТВ-ийн нэвтрүүлгийг хэзээ IPTV-ээр үздэг болох вэ?
 -Олон сувгийн үйлчилгээ эрхлэгчид телевизүүдийн саналыг сонсож байна. Ухрааж үздэг үйлчилгээний төлбөрийг энэ намраас телевизүүдтэй хуваадаг болохоор ярилцаж байгаа. Тиймээс IPTV-ийн үйлчлүүлэгчид энэ намраас арай өөр үйлчилгээ авах байх. Телевизийн өргөн нэвтрүүлгийн хууль УИХ-ын хаврын чуулганаар орно. Хуульд санал зөрөлддөг зүйлээ нэг мөр болгож тусгаж чадвал дэлхийд өрсөлдөхүйц телевизийн салбар бий болох боломжтой. 
-Монголын телевизүүд улс төрөөс хараат бус байж чадаж байна уу?
 -Монголын ардчилал бүс нутагтаа манлайлдаг. Манай телевизүүд улс төрөөс хараат бус, харин санхүүгээс хараат. Монголын сэтгүүл зүйг “Үзэл бодлоор хараат бус. Санхүүгээр хараат” гэж Б.Галаарид гуай хэлсэн байдаг. Санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэхийг бид өнөөдрийн чуулганаар хэлэлцэж байна.

Ц.Жаргал

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zochin

zah zeel choloot orsoldoonii zarchmaar l yavah heregtei teriig toroos zohitsuulah hereggui shuudee

2018-04-19 12:07    202.55.180.215
Zochin

Dangaaraa monopol boloh geed bgaa yumuu,haaltiin gereegee avaad yavj bgaa TVnuud bolood bh shig bn daa

2018-04-17 15:17    139.5.216.173

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08