Өргөн нэвтрүүлгийн хүрээнд хүүхдийн эрх ашиг хохирч байна

2018-04-17 11:52      geregmn

“Монголын телевизүүдийн чуулган-2018” энэ жил тав дахь удаагаа “Үзэгчдийн эрх ашиг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Чуулганд телевизүүдийн удирдлага, сэтгүүлчид, монголын хэвлэл мэдээллийн зөвлөл, “Глоб Интернэшнл” ТББ, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөл оролцов. Сэдвийн хүрээнд үзэгчдийн эрх ашиг, телевизүүдийн өргөн нэвтрүүлгийн шинэчлэл, өөрчлөлт, нэвтрүүлгийн агуулга зэргийг хөндөж, асуудал дэвшүүллээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн агуулга, түүнд хийсэн судалгааг танилцуулсан. Судалгааны үр дүнд үзэгчдийн эрх ашиг, тэр дундаа хүүхдийн эрх ашиг хөндөгджээ.

 Телевизүүдийн үзэгчдэд хүргэж буй нэвтрүүлгийн ихэнх цагийг уран сайхны кино, дуу хөгжим, цэнгээнт нэвтрүүлэг эзэлдэг байна. Харин үндэсний түүүх, өв соёл, уламжлал, танин мэдэхүй, хүүхдийн чиглэлээр бэлтгэсэн нэвтрүүлэг, тусгай хөтөлбөр байхгүй байна. Харилцаа холбооны зохицуулах хороонд ирдэг иргэдээс “Эротик, садар самуун сурталчилсан, бэлгийн цөөнхийг харуулсан нэвтрүүлэг, тэдний тухай дүрс бичлэг гарч байна. Хүн, амьтныг тамлан зовоосон, хэрцгий аймшгийн кино гаргалаа” гэх гомдол ирдэг аж.

 Харин Харилцаа холбооны зохицуулах хороо уг асуудлаар тухайн телевизүүдэд зөвлөмж хүргэхээс өөрөөр арга хэмжээ авах хууль зүйн зохицуулалт байдаггүй. Тиймээс энэ талын хууль эрх зүйн орчин хэрэгтэйгээс гадна тухайн телевизүүд хүүхдийн эрх ашгийг дээдлэх үүднээс гаргаж буй нэвтрүүлэг, контентууддаа өөрсдийн дотоод дүрэм, журмаар зохицуулалт хийх зайлшгүй шаардлага тулгарч байна. Хүүхдүүд өдөрт 3.6 цагийг эцэг, эхийнхээ адил телевиз үзэж өнгөрүүлдэг. Ингэхдээ ихэвчлэн кино сувгуудыг сонгон үздэг гэжээ.

 Тиймээс цаашид өргөн нэвтрүүлгийн хүрээнд хүүхдийн эрх ашгийг хамгаалах асуудлыг чухалчлан авч үзэх шаардлага гарч байна. Өргөн нэвтрүүлэг нь үндэсний эрх ашгийг хамгаалах, ардчиллын суурь зарчмыг хангах, олон нийтийн нийтлэг эрх ашгийг хамгаалах хэм хэмжээний хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой боловч үүнийг хангаж ажиллах талын зохицуулалт байхгүй байгаа юм.

                                                                                 Ц.Жаргал

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08