Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлсэн хэсгээс Алтанбулагийн гүүр хүртэл 40 км-т Туул гол  маш их бохирдолттой урсдаг

2018-04-17 10:47      ГэрэгМН

                   

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос БОАЖЯ-тай хамтран Туул голын талаар зарим арга хэмжээ авахаар ажиллаж, энэ нь эсэргүүцэл, шүүмжлэлтэй зэрэг тулгарч байгаа.

Тиймээс Туул голтой холбоотой зарим мэдээллийг Туул голын сав газраас ирүүлсэн (2016 оны)мэдээнд үндэслэн хүргэе.

Туул гол нь Хан Хэнтийн нурууны салбар уулсаас эх авсан Нэргүй, Номин голын уулзвараас (Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг) эхлэн Орхон голд цутгах хүртлээ (Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг) 717 км замыг туулдаг. Үүнээс 152 км нь Улаанбаатар хотоос дээш, 93 км нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт, 472 км нь нийслэл хотоос доош хэсэгт хамаарна.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол орсон байна.

Туул голын бохирдлын  байдал /2016 оны эхний хагас жилийн байдлаар/

Туул голын сав газрын захиргаа нь Туул голын усны чанарын хяналт шинжилгээний үр дүн, Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус цэвэрлэгээний түвшний талаарх мэдээ, мэдээллийг  Байгаль орчин, Хэмжилзүйн төв лаборатори, Төв цэвэрлэх байгууламжийн ашиглалтын албанаас сар бүр тогтмол авч боловсруулан дүн шинжилгээ хийдэг аж.

2016 оны 1-6 сарын байдлаар Туул голын усны эрдэсжилт хотоос дээш хэсэгт 50- 60 мг/л-т хэлбэлзэж, хотоос доош Доод Сонгиноны орчимд 10-15 дахин нэмэгдэж 550-830 мг/л-т хүрч голын усны чанар эрс муудсан үзүүлэлттэй байна.

Гадаргын усны чанарыг бохирдлын зарим үзүүлэлтүүд (аммони, нитрит, фосфат гэх мэт), хүчилтөрөгчийн горимын үзүүлэлтүүд (ууссан хүчилтөрөгч, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, перманганатын исэлдэх чанар гэх мэт ), физик үзүүлэлтийг (жинлэгдэгч бодис) сонгон авч тэдгээрийн жилийн дундаж агууламжийг MNS4586-98 “Усан орчны чанарын стандарт” дахь “Хүлцэх агууламж”-тай харьцуулан гаргасан бөгөөд усны чанарын зэргийг 5 ангиллаар (I-Маш цэвэр, II-Цэвэр, III-Бага бохирдолтой, IV-Бохирдолтой, V-Маш бохирдолтой) үнэлж гаргасан байна.

Туул голын усны чанарт өөрчлөлт орж буй газрууд нь дараах байршилтай байна.

  1. Туул гол нь Нэргүй, Номин голын уулзвар буюу Туул голын эхээс Уубулан хүртэл 167 км Маш цэвэр;
  2. Уубулангаас (Голын дагуух жуулчны баазууд, Гордокын цэвэрлэх байгууламжийн бохир ус, Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлэх хэсгээс) эхлэн Сонгины булан хүртэл 60 км Бага бохирдолтой;
  3. Сонгиноос (Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлсэн хэсгээс) Алтанбулагийн гүүр хүртэл 40 км Маш бохирдолтой;
  4. Алтанбулагийн гүүр орчмоос Заамар хүртэл 350 км Бохирдолтой;
  5. Заамараас (Заамарын уул уурхайн олборлолт эхэлж байгаа хэсгээс) Орхон голд цутгах хүртэл 100 км Бага бохирдолтой байна.

Бохирдлын шалтгаан

  1. Туул голын бохирдлын гол шалтгаан нь Цэвэрлэх байгууламжуудаас дутуу цэвэрлэгдэн /цэвэрлэгээний дундаж түвшин 40 – 67%/, Туул голд цутгаж буй бохир ус юм.
  2. Туул голын дагууд ашигт малтмал олборлож, нөхөн сэргээлт хийхгүй орхиж байгаа нь голын голдрил, эрэг орчмыг экологийн доройтолд оруулах үндсэн шалтгаан болж байна. Туул голын сав газрын захиргаанаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийлгүй орхисноос 10 га талбай эвдэрсэн байгааг тодорохойлсон.
  3. Туул голын бохирдол, экологийн орчны доройтолд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь голын дагуух газар ашиглалт бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд 8587 га талбай бүхий 19079 нэгж талбар, онцгой хамгаалалтын бүсэд 53.7 га талбай бүхий 4100 орчим нэгж талбар орсон байна. Голын татам болон хамгаалалтын бүс дэх гэр хороолол нь хөрсийг их хэмжээгээр бохирдуулж байна.
  4. Шар усны үер болон хур борооны усаар хотын үерийн суваг, хуурай сайр, голын татам, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдал урсан ирж Туул голд нийлж байгаа нь голын бохирдолд тодорхой нөлөө үзүүлэх боловч энэ талаар нарийвчилсан судалгаагүй байна.
  5. Туул голын сав газрын захиргаанаас  хийсэн хяналт шалгалтаар Туул голын дагууд хамгаалалтын бүсэд барилгын хог хаягдал их хэмжээгээр асгаж байна.
  6. Туул голын дагууд амарч, зугаалсан иргэд машинаа голд угааж, хог хаягдлаа ил задгай хаяж эрэг орчмыг бохирдуулдаг.

Усны нөөцийн хомсдол

Туул голын усны хомсдлын гол шалтгаан нь Улаанбаатарчуудын усны хэрэглээтэй холбоотой боловч жилд орох хур тунадасны горимын өөрчлөлтөөс шалтгаалан голын урсацын горимд өөрчлөлт орох болсон.

Тухайлбал, Туул голын сав газарт өвөл, хаврын улиралд орох хур тунадасны хэмжээ нэмэгдэж зуны улиралд орох хур тунадсаны хэмжээ багассанаас гадна дулааны улиралд орох хур борооны горим өөрчлөгдөж түр зуурын аадар бороо орох нь элбэгшсэн. Энэ нь Туул гол богино хугацаанд үерлээд татрах, намар нимгэн мөс тогтсоноос хавар эрт мөсгүй болох, хаврын гачиг үедээ тасрах үзэгдэл сүүлийн жилүүдэд ажиглагдах болжээ.

С.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
haana yavna aa Suhbat aa

Darhab avrag Suhbat Ih hurliin erhem gishuun bolsniihoo daraahan jigteihen ih sur duuliantai tov tseverleh baiguulamjiin uneriig arilgahgui yum bol bi sain duraaraa erhem gihsuuneesee tatgalzah uhaanii yum yarij baisan bilee. Odoo haana yavna aa ene talaar gants ug gan hiihgui l yavna.Surag sonsohnee bohiin oroond shono doloor guij ochij tanhain ni densen B.Odhuu gegchid nanchuulaad bertsen suragtai

2018-04-17 18:30    115.171.245.233

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08