“Оюутолгойн гэрээ байгуулагдсанаар монголчуудын аж амьдрал доройтсон юм биш”

2018-04-16 16:00      geregmn

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үр дүн, явцыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Дэд дарга Б.Саранчимэг, Бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайван нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

 ЗГХЭГ-ын танилцуулснаар Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өнгөрсөн оны байдлаар 35-40 хувьтай байгаа аж. Хэлэлцэх асуудалтай холбогдулан гишүүд хэд хэдэн асуудлыг хөндсөн байна.

 Нэгдүгээрт, эдийн засаг өсөлттэй байгаа нь сайн. Гэхдээ эдийн засгийн өсөлт айл өрх, иргэн бүрт бодитой хүрч байгаа эсэх талаар санал бодлоо солилцсон байна. Хоёрдугаарт, 2020 он гэхэд сургууль, цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийднэ гэсэн Засгийн газрын амлалтын дагуу боловсролын салбарт баригдах объектын ажлыг эхлүүлэхэд газар чөлөөлөх ажил хүндрэлтэй байна. Үүнийг яаралтай шийдэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлсэн байна.

 Түүнчлэн УИХ-ын гишүүд “Сүүлийн жилүүдэд төрийн албаны нэр хүнд унаж байна. Төрийн албаны дунд, доод шатанд ажил явахгүй байна. Тиймээс шинэ Засгийн газар байгуулагдснаас хойш яам, Тамгын газарт төрийн албаны халаа сэлгээ хийсэн эсэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн ур чадварын тухай” ирэх долоо хоногт хэлэлцэхээр болов. УИХ-ын гишүүний сахилга хариуцлага, ёс зүйтэй холбоотой асуудлыг ч бүлгийн хуралдаанаар авч үзэх ёстой гэж гишүүд үзжээ.

Мэдээллийн дараа УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та хувь гишүүний хувьд хүүхдийн мөнгөний асуудлаар ямар байр суурьтай байна вэ?
-Эдийн засаг өсөлттэй байгаа боловч Монгол Улсын урьд өмнө нь хуримтлагдсан өр авлага их байгаа. Олон улсын валютын сантай тохиролцсон хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгох байсныг Засгийн газар ярилцсаны үндсэнд 80 хувьд хүргэсэн. Би хувь гишүүнийхээ хувьд хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгоод явах нь зүйтэй гэж үзэж байгаа. 

-Оюутолгой, Эрдэнэтийн асуудлаар ажлын хэсэг байгуулагдсан. Хэзээ шалгалт дуусч, мэдээллээ өгөх вэ? 

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой болон Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоо хоногоос ажилдаа орно. Тодорхой хугацаанд ажиллаж, шаардлагатай тохиолдолд байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд дүнгээ танилцуулна. 

-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор нэр, нөлөө бүхий хэд хэдэн хүнийг шалгаж байгаа. Хүмүүс эерэг, сөрөг янз бүрээр өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Энэ талд та ямар байр суурьтай байна вэ? 

-Би өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн хөрөнгө оруулалтыг дэмжсэн хүний нэг гэдгээ ярьсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдснаар Монголын эдийн засаг 2-3 дахин өссөн нь бодит үнэн. Гэрээтэй холбоотой засч сайжруулах зүйлс бий. Оюутолгойн гэрээ зурагдсанаас Монголчуудын аж амьдрал доройтсон юм биш. Улс төр, эдийн засгийн буруу бодлогоос болж эдийн засгийн хүндрэлд орсон гэж боддог. Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийгээд ирлээ. Урд хөршийн зүгээс манай улстай бүх чиглэлд хамтарч ажиллахад бэлэн байна. Гол нь дотооддоо бодлогоо зөв тодорхойлох асуудал байна гэсэн байна. 
 Монголчуудын хувьд түүхэндээ анх удаа дэлхийн хэмжээний том гэрээ хэлцлийг анх удаагаа хийсэн нь Оюутолгойн гэрээ юм. Үүнд алдаа, оноо гарсан зүйл бий. Гэхдээ энэ том төслийг хөдөлгөж чадсан нь Монголын нэрийг дэлхийн хэмжээнд гаргаж чадсан. Хууль хүчний байгууллага энэ асуудлаар шалгаж байгаа эрхмүүдийг зөв шударга шалгаад, мэдээллээ ойрын хугацаанд өгөх байх гэж найдаж байгаа.

 Ер нь олон жил төрийн албанд ажиллаж том шийдвэр гаргахын төлөө ажиллаж ирсэн хүмүүсээ нам, эвсэл холбоо гэхгүйгээр буруу талаас нь хэмлэж ярихаасаа илүүтэй зөв зүйтэй шийдэл гаргаасай билээ. Алдаа, оноо юунд байв гэдгийг эргэцүүлэх боломж олгоосой гэж хүсч байна.
 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
эмч

ЕС-тайгаа бөгс бөөрөөрөө хүртэл холбоотой гэгддэг Сарангэрэл сайд ЭМЯ-г алж байна ш дэ. Худалдан авалтын газарт ажиллаж байсан хүүгийнхээ жолооч байсан залууг Хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар тавьж, бас нэг ХАГ-т ажиллаж байсан найзыг нь Хуулийн хэлтсийн даргаар тавьж, тэр нь тэндээ нэг өрөөнд хамт суудаг байсан хүүхнээ ахлах мэргэжилтнээр авчрав. Арай ч дэ, ЭМЯ эдний гэр бүлийн Стимо боовны үйлдвэр биш биз дэ. Бүүр болоогүй ээ, Санхүүгийн газрын даргын түр хорлон гүйцэтгэгчээр авчирсан Содномжамц гээчид Төрийн нарийнийг хавсруулав - төрийн жинхэн албан хаагч биш түр хорлон гүйцэтгэгч Төрийн нарийний үүрэг гүйцэтгэж болдиймуу? Арай л дур зоргоороо авирлаж байгаам бишүү гахай чинь?

2018-04-17 23:27    103.229.120.149
зочин

Оюутолгойн гэрээг байгуулсанаар Монгол улсын иргэн бүр тэгш эрхтэй баяжих ёстой юм!! Гэтэл хэдхэн эрх дархтангууд ах дүү, төрөл хамаатан танил талаараа хувааж идэж баяжсан! Эндээс баян хоосны ялгаа хэт ихээр гарч ирнэ биз! Монгол орны газрын баялагийг яагаад хэдхэн хүн эзэгнэх ёстой юм! Онц ноцтой гэмт хэрэг шүү!

2018-04-16 22:12    66.181.184.207

Сэтгэгдэл нэмэх