Хятад улс дэлхийн ДНБ-ий 15 хувийг бүрдүүлж байна

2018-04-16 12:30      ГэрэгМН

Хятадын Үндэсний статистикийн хорооноос 2-р сарын 28-нд мэдээлснээр, 2017 онд Хятадын ДНБ-ий хэмжээ 82.7 их наяд юаньд хүрч, өмнөх оноос 6.9 хувиар өсчээ.

Үүнийг Хятадын валютын жилийн дундаж ханшаар тооцвол 12 их наяд ам доллартай тэнцэх бөгөөд Хятад улс дэлхийн эдийн засгийн 15 хувийг эзэлж, ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна гэсэн үг юм.

Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлтийг тогтворжуулах чухал хөдөлгүүр болсоор байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн 30 хувийг бүрдүүлж байна. 2017 онд Хятадын гадаад худалдааны нийт эргэлт 27.8 их наяд юаньд хүрсэн ба худалдааны хэмжээгээрээ дахин дэлхийд тэргүүлэх төлөвтэй байна.

2017 оны эцсийн байдлаар Хятадын гадаад валютын нөөц 3.1 их наяд ам долларт хүрч дэлхийд тэргүүлсэн. Мөн хөдөлмөр эрхлэлтийн түвшин нь тогтвортой өсч, 2017 оны эцэст хот суурин газрын бүртгэлтэй ажилгүйдлийн түвшин 3.9% байгаа нь сүүлийн жилүүдтэй харьцуулвал доогуур үзүүлэлт юм.

Хятадын үр тарианы нийт ургацын хэмжээ таван жил дарааллан 600 сая тонноос дээш байна. Иргэдийн орлого, хэрэглээ нэмэгдэж, нэг хүнд ногдох орлого өмнөх оныхоос 9% өссөн, нэг хүнд ногдох хэрэглээний зардал 7.1% өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн шинээр 6796 км хурдны автозам барьж, 2182км хурдны төмөр замыг ашиглалтад оруулан, 7 сая км урт шилэн кабель татаж, дэлхийн хамгийн том хурдны автозамын сүлжээ, өндөр хурдны төмөр замын сүлжээ, өргөн зурвасын сүлжээг байгуулж чаджээ.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08