Туршаад үзнэ биз

2018-04-15 18:30      Мөнх
М. Мөнх Нийтлэлч 
Facebook profile: Мөнх Мөнхийн

Хүн болгон нэртэй. Нэргүй гэдэг хүн ч нэртэй.

Би бол бүр хоёр, гурван нэртэй. Бүтэн нэр маань Хэнчбиш. Найзууд дуудна “Хэнээ! Хэнчээ! Хээгий! “

Ингэж нэр таслаж дуудах муу л гэх юм билээ, хэн мэдэх вэ дээ. Тэртэй тэргүй, тасалсан таслаагүй гаслан болсон нэр маань Хэнчбиш! Захын жишээ нь за нэг айлын хаалга тогшино.

  •  Тог, тоог!
  •  Хэн бэ?
  •  Хэнчбиш байнаа!
  • Айнн?!

За нэг иймэрхүү маягаар амьдарчих гээд л хичээж явна даа, би гэдэг хүн. Гэхдээ над шиг Азын будааны нэртэй хүмүүс  бусдын унтаа нүдийг сэргэтэл нь зовхины дасгал хийлгэх хувь тавилантай юм уу  гэвэл үгүй.

Яахав, их бага хэмжээгээр доромжлуулдаг нь үнэн л дээ. Тэглээ гээд бид доошоо орчихгүй л дээ. Харин биднийг  доош нь хийх гээд байдаг тэр хүмүүс л өөрөө өөрсдийгөө доош нь хийгээд байдаг. Энийгээ ер нь тэд  мэддэг ч юм уу, үгүй ч юм уу? Бүү мэд.  

 Болж л өгвөл дандаа бусдын муу муухайг сонирхож цуглуулаад байхаар чинь ямар ч сайхан нэртэй байгаад нэмэргүй ш дээ. “Тэрүүгээр өнгөрөх байсан гайг энүүгээр дуудна “ гэдэг шиг өөр хүний алдаа, гуниг зовлонд дурлаж сонирхоод л... Тийм зовлонтой юмны тухай бүр цаг гарган бодож, өөрөө өөрийгөө зовоогоод ч байх шиг.

 Бидэн  шиг хар багаасаа зовлон үзээгүй хүмүүс л үзээгүй юмаа үзчих гээд л сонирхоод байдаг байж болно л доо. Гэхдээ уг нь энэ чинь нээх дурлаад байхаар мэдрэмж биш ш тээ. Өөр хүний өвчин зовлонг өөрийнхөө бие, сэтгэлээр мэдэрч таашаал авна гэдэг ч дээ?!

Тийм хүн хэчнээн  сайхан нэртэй байгаад нэмэргүй.Муухайгаар хэлбэл, сайхан нэртэй нийтийн жорлон л болно биз.

Стресс, депресс гэх энэ их уур бухимдал, үзэн ядалтын ядаргаа чинь намайг доромжилж, миний муу муухайг бодохоос үүдэлтэй. Миний тухай битгий муу юм бод. Тэрний оронд хажуу айлынхаа авсан өр зээлийг  хамт төлье гэх ч юмуу ямар нэгэн сайн үйл хийх тухай бодвол  хамаагүй амар болно шүү! Туршаад үзнэ биз...

Мөнхийн Мөнх




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08