Миний цуглуулсан хорвоо

2018-12-11 17:28      ГэрэгМН

МИНИЙ ЦУГЛУУЛСАН ХОРВОО

Бүжин хярсан бут цагийн эрхээр өргөслөөд
Бүлээхэн бороо намиравч солонго холдоод намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно... /А.Эрдэнэ-Очир “Миний зурсан хорвоо”/
Хутагтын нутгийн салхи үе үехэн харганын толгой сэрчиг­нүүлэн ширүүсч, малгайн бүч хацар ороолгоно.Торох уулгүй, торойх ч модгүй говь талын хүйтэн салхи цаанаа жиндүү. Өвлийн тэргүүн сарын тачигнасан ид хүйтэнд тэмээн жингийн цуваанд Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, дэлхийн “Гарамгай яруу найрагч” Арлааны Эрдэнэ-Очирын “Миний цуглуулсан хорвоо”-г тээж, төрсөн нутаг Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүргэхээр жинчид аянд гарсан нь энэ. Жингийн цувааны тэргүүнд сэгсүүргэн дээл өмсөж, үнэгэн лоовууз асааж, монгол гутал жийсэн, дөч гаруй насны Арлааны Хосбаяр гэх хөдөөх эр ачаатай гурван тэмээ хөтөлж явлаа. А.Хосбаяр төрсөн ахынхаа хүслийг биелүүлэлцэж яваа нь энэ бөгөөд хааяа “Хөөг... хөөг...” хэмээн арынхаа тэмээдэд дуу өгөн, урагшилна. Түүний араас хүргэдүүд нь буюу Ц.Алтанболд, Ж.Чулуунбаатар нар мөн ачаатай тус бүр гурван тэмээ хөтөлжээ. Араас нь жингийн даамлаар, Яруу найрагч А.Эрдэнэ-Очирын “Улаанбадрахын наадам” шүлэгт нь 
...Аймгийн заан Дашдэндэв
Зүүний магнайд гардагсан
Ирсэн үү, үгүй юу харсангүй... хэмээн найргийн алтан мөрөнд мөнхөрсөн Т.Дашдэндэв (Монгол Улсын Гарамгай баатар Л.Дандарын хүү, аймгийн арслан), мөн арваннэгэн залуу яруу найрагч жинчдийн тоонд багтаж явлаа. Найрагчид яруу найрагч ахынхаа “цуглуулсан” хорвоод багтан, 90 гаруй км замыг туулахаар говийн догшин Ноён хутагтын үүсгэн байгуулсан Хамарын хийдээс өглөө эртлэн хөдөлсөн нь энэ. Тэмээн жин тээх гэдэг энэхүү томоохон өв соёл Монгол оронд төмөр замын тээвэр бий болсноор “халагдсан” билээ. Төмөр замгүй 1940-өөд оны сүүлч хүртэл Монгол Улс Азийг Европтой холбосон торгоны замаар тэмээн жин тээж, худалдаа наймаа эрхэлж байсан түүхтэй. Түүнээс хойш тэмээн жин, жинчдийн тухай судар номд л үлдэж, хөгшдийн үлгэр домог мэт яриа хаа нэг сонсогдоно. Харин энэхүү мартагдсан соёлыг сурталчлах, хойч үед авч үлдэх зорилго бүхий “Миний цуглуулсан хорвоо” тэмээн жингээр яруу найрагчид 18 авдар бүхий 1800 гаруй номыг тээж яваа юм. Монгол нутагт ном, соёлын жин тээж буй гурав дахь тохиолдол гэдгийг ч зарим хөгшид ярьж байхыг сонсов. Тухайлбал, 180 орчим жилийн тэртээ Ноён хутагт Данзанравжаа номын жин тээснээс хойш тэмээгээр ном тээгээгүй байж. Бидний энэхүү аялал бол говийн их найрагчийн биелүүлж амжаагүй гэгээн хүсэл билээ.
...Насны мөнгөн зөргөөр танихгүй аялгуу урсаж
Нарны мянган утас алтан харганыг үйслээд зураг болно
Намаржаа дэнж дээр аавын гэрийн буурь аглагшиж
Намайг он жил салхины бийрээр зураад хөрөг болно...
Тэр ерөөсөө л гэгээн зүгийн хүн байсныг уулзаж, нөхөрлөж явсан бүхэн мэдэх биз ээ.Ярилцаад суухад өөртөө бүрэн уусгасан, хаа холоос л инээд наргиа нь цалгиж байдаг, яг л говь шигээ дэлгэсэн сэтгэлтэй найрагч байлаа. Сэрүүн ахуйдаа Арлааны Эрдэнэ-Очир ах маань “Төрөлх нутаг Улаанбадрах сум руугаа есөн цагаан тэмээгээр ном тээж хүргэнэ.Энэ ажлыг найрагч дүү нартайгаа хамтарч хийнэ. Яг л дээр үеийнх шиг жинд явах яруу найрагч бүрт тэмээ унуулж, бүгдэд нь богц бэлтгэнэ. Тэгээд монгол банхар дагуулж, хоноглосон газраа задгай галын дэргэд шүлэг уншицгаана...” гэж олон ч удаа ярьсан даа. Улмаар ном тээх авдруудаа бэлтгэж, “Жинг дүн өвлөөр цасны хайрууд тээдэг юм. Зохиолчдын эвлэлийнхээ 90 жилийн ойн хүрээнд өвөл номын жингээ тээнэ дээ” хэмээсээр хүслээ биелүүлж амжилгүй хутагтын нутгаа, намтар түүхээ, найраг шүлгээ, хүсэл мөрөөдлөө, арвин их өвөө хойч үедээ үлдээгээд тэнгэрийн зүг буурь сэлгэсэн билээ.

ҮРТЭЙ ХҮН ЖАРГАЖ, ҮНДЭСТЭЙ МОД ЦЭЦЭГЛЭДЭГ

...Үзэсгэлэнгийн хорвоо аниргүйхэн эргэж одод түгээд
Үүлсийн чөлөөгөөр сар дэгдэн тоглоод туулай болно
Үлгэр зүүдэнд итгэх танхил хүү минь ухаажиж
Үрдээ зовох эцгийн шаналанг мэдэрч өсөөд хүн болно...
Монголчууд “Үртэй хүн жаргаж, үндэстэй мод цэцэглэдэг” гэдэг дээ. Яруу найрагч А.Эрдэнэ-Очир үр шим, үндэс угсаа сайтай тэнгэрийн мод байжээ. Аавынхаа хүслийг том хүү Э.Цагаан-Уул нь гүйцээхээр Залуу зохиолчдын нэгдлийн яруу найрагч дүү нарт нь хандсанаар Улаанбадрах сум руу номын жин тээх аялал ийнхүү жавартай өвлийг сөрөн, цантай татлага татаж, төгсгөл үгүй мэт цэнхэртэх говь талын дундуур нүүж яваа юм.
Улаанбадрах сум Улаанбаатар хотоос 600 орчим, Сайншандаас 130 гаруй км зайд орших ажээ. Харин жинчид Хамарын хийдээс хөдөлсөн тул 100 орчим км-ыг туулах гэнэ. Биднийг хөдлөхөд тэмээчид ачаа тэнг тэгшлэн ачиж, зааж, зөвлөж, Улаанбадрах сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан Д.Батсайхан тэргүүтэй дуучид “Идэр жинчин” дуугаар эгшгэн цэнхэр хадаг өргөж, яруу найрагч А.Эрдэнэ-Очирын ижий сүүн цацал өргөн үдсэн юм. Эхний тав орчим км-т бүгд л тэмээнийхээ ааш зан, алхаа гишгээтэй нь дасч ядан бэргэж явлаа.
Тэмээ үнэхээр л тэнгэрийн амьтан ажээ. “Энэ их өндрөөс унавал яана даа...” гэж олонх нь хэлнэ. Ар араасаа биш, бөөгнөрч ачаатай тэмээ рүүгээ шахаж жингийн даамлаас хааяахан зэмлэл, зөвлөгөөг зэрэг хүртэнэ. Жинчдийг машинаар даган зураг, дүрс авч буй МҮОНРТ-ийн нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа, зохиолч сатгүүлч М.Эрдэнэбат тэргүүтэй уран бүтээлчид “Агаарт -30 хэм байна”, “Одоо бүр -35 хэм боллоо” гэхчлэн машиныхаа агаарын температур хэмжигчийн мэдээллийг бидэнд дуулгана. Жингийн даамал “Бурантгаа сайн татаж яв. Ямар нэгэн зүйлээс тэмээ үргэлээ гэхэд бурантгаа алдаж болохгүй. Толгойгоо унжуулсан тэмээ ер дийлдэхгүй шүү” хэмээн анхааруулна.
Бидний хэдэн нөхөд эхний 10, 20 км туулсны дараа тэмээгээ хэвтүүлж, мордож буухтайгаа болсныг эс тооцвол жин тээгчид биш, жин дагагчид гэмээр байсныг нуух юун. Унаж яваа тэмээгээ буйлж, тургихад цочиж, шивээтэн /тавганд нь шивээ хатгах/ газар дэвслэхэд нь айдаст автаж, хэн нэгэндээ хөтлүүлэхийг хичээнэ. Гэвч аливаа зүйлд амархан дасан зохицдог Монгол эрсийн удам тул нэг л мэдэхэд жин дагагч биш, жин тээгч болсон байлаа. Үдийн цайны үеэр А.Эрдэнэ-Очир найрагчийн ээж Ц.Цэндсүрэн, дүү А.Эрдэнэчимэг, А.Эрдэнэ-Од, А.Отгончимэг болон хамаатнууд нь адууны чанасан мах, халуун цай, боорцогтой угтаж биднийг цайлав. Бүр сүүлдээ ачаатай тэмээгээ ээлжлэн хөтөлж, яруу найрагчид хаа явсан газраа наргиантай байдаг хойно унаж буй тэмээндээ романы нэр хайрлаж, хөгжилдөн явцгаана. Яруу найрагч О.Цэнд-Аюушийг тэмээ нь дутуу мордуулан хоёронтаа босч унагасан хилэн ихтэй тул “Зүрхний хилэн”, Н.Минжинсайханы тэмээ өглөөхөн эмнэгшиж, туйлж, бусдынхаа тэмээг үймүүлсэн тул “Цаг төрийн үймээн” гэв. Харин тэмдэглэл бичигч миний цагаан тэмээ шивээтэн дэвсэлж, бусдыгаа үргээж, нөхөддөө “Миний тэмээнээс хол яв” хэмээн хөөгдөх тул “Гологдсон хүүхэн”, зохиолч, яруу найрагч С.Баттулгаынх амгалан тул “Дөлгөөн дон” гэхчилэн зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар, яруу найрагч Э.Гантулга, Э.Энхболд, Т.Дарханхөвсгөл, Г.Лхагвадорж, Б.Жамбалдорж, Д.Гэндэнсүрэн гээд бүгд л ааш занд нь тохируулан романы нэр өгсөн юм. 
...Саруул талд тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо долгис болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгилахад гэгээ болно... бид шүлэг найраг уншсаар л...
Тэмээ мэт өндөр бут, харгана талаар нэг лүглийх агаад салхи ширүүлэхэд тэмээдийн хөлийн аясаар алтан шаргал элс тоос мэт пургих ажээ. Аварга том тавгаа газарт буулгахад элс хүртэл тоос шиг болдог юм байна. Ийнхүү явсаар эхний шөнө хоноглох газар яагаа ч үгүй байхад наран баруунтаа ташлаа.
Өглөөхөн л зүүн талаас эрчимтэй цухуйж, талаар дэгдэх мэт өнхөрч байгаад тэнгэр өөд дүүлсэн том улаан нар одоо өндрөөс унах шиг хурдтай буусаар живэх мэт алга болж, юу юугүй харанхуй нөмөрлөө. Говийн наран мандахдаа ч, шингэхдээ ийм хурдан ажээ. Сайншандын Г.Гантулга гэгч Далайцэрэн шиг биерхүү залуу Халтар, Басар хоёр банхартайгаа жинд оролцож яваа бөгөөд харанхуйд банхарууд гүйлдэж, тэмээд үргэнэ. Түрүүхэн л ачаатай тэмээнээсээ зориудаар хоцорч байгаад араас нь жонжуулцгааж явсан найрагчид харанхуйлах тусам өглөөнийх шигээ бэмбэгнэж эхэллээ. Дагаж яваа машинууд биднийг бараагүй алдах вий гэсэндээ хааяа гэрлээ тусгана. Тэр бүрт тэмээдийн сүүдэр их талаар нэг лүглийж, том хар тэмээд зэрэгцэн алхах шиг болно.
Сургаад удаагүй тэмээд болохоор ч тэгдэг юм уу сүүдрээсээ үргэж, хэн нэгэн нь унах шахна. Мөн машины гэрлийн тусгал номын авдар дээр тусч гялайхад арынх нь тэмээд буцаж ухасхийнэ. Энэ үед хүйтний эрч улам чангарсан ч бидний хэн нь ч ажралгүй, зөвхөн тэмээнээсээ уналгүй явах тухай бодож, нэгэндээ зөвлөгөө өгч явсаар 50 гаруй км газрыг туулан эхний хоноглох “Нүдэн” хэмээх газарт хүрлээ.. 
Ингээд тэмээчдийн хамт жингээ буулгаж, тэмээдээ зэлнээс уяад цайлж, заг цуглуулан задгай гал түлж, дэргэд нь шүлгээ дуудацгаалаа.

МАНДАХ НАРАН ТЭМЭЭДИЙН БӨХ ДАМЖИН ДЭГДЭВ

Үүр хаяармагц жинчид босов. Төдөлгүй тэнгэрийн хаяа зүүнээсээ улааран байснаа газар дороос том нар цухуйж, улмаар дугуйрч өндийсөөр уяатай тэмээдийн бөх дамжин өнхрөх ажээ. “Биднээс урьтаад тэмээдийг маань нар унасан юм чинь өнөөдөр ч даарахгүй байх” гэх бодол төрсөн юм.Үнэхээр л нар мандахдаа тэмээ тэмээний бөх дамжин дэгдэх шиг санагдав. Энэ өдөр бид 40 гаруй км зам туулж, Улаанбадрах сумын ойролцоохон буудаллах ёстойг жингийн даамал дуулгалаа.Хот, говийнхон гэлтгүй бүгдийнх нь л бие хөндүүрлэж хоножээ. Гэвч номоо ачаалж, өөр өөрийнхөө тэмээг унаад, дуусахгүй мэт үргэлжлэх их талын дундуур алхууллаа.Жингийн даамал Т.Дашдэндэв арслан “Чөмөгтэй эрчүүд л жин тээдэг юм. Эр хүн жинд явснаар илүү иртэй, чадалтай, зоригтой болдог. Өвөг дээдэс маань өдөр бүр хийдэг ажил нь тул дассан, сурсан байж. Харин та нар шинэ цагийн хүүхдүүд. Гэвч өдөр өдрөөр дасч, илүү эрэмгий болж буйг чинь хараад үнэхээр бахархаж байна” гэхэд нь хөшсөн хөлийн чилээ гарах шиг болж, үлдсэн зам ойрхон санагдах ахуйд
Сонихон зэргэлээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дөө хө
Солбио хүрэн ат минь ээ хө
Сарын газраа жонжоотой доо хө... хэмээн зураач, яруу найрагч Г.Мөнхбаатар дуу эхлүүлж, бусад нь түрнэ. Өмнөх өдрөө бодвол бүгд тэмээ унахдаа сурмаг болжээ.Хааяа зам тосч ирэх говийнхон адууны хэрчсэн мах дэлгэхэд амандаа хийж амжаагүй байхад л хөлдөж байв. Урд өдрийнхөөс ч илүү хүйтэрч байгааг тэд дуулгаж байлаа. Гэхдээ л агаарын хэм -35 хүрсэн ч элэг сэтгэлдээ +35-аас дээш хэмтэй найрагч залуус дуу хуур, яруу найргаар талын жаврыг уядуулж байлаа. Уянга найрагт өвөл цаг хавар шиг болж, жавар хүртэл уяддаг ажээ.
Ийн явсаар хоёр дахь хоноглох газар нь мөн л “Нүдэн” нэртэй байсан нь сонин.Энд А.Эрдэнэ-Очир найрагч маань эхээс мэндэлж, “Нүдэн”-гийн уснаас ундаалж өсчээ.

УЛААНБАДРАХАД ТЭМЭЭДЭЭР ДУРСАМЖ ТЭЭЖ ОЧЛОО

Идэр жинчид гурав дахь өдрийнхөө өглөө сурмаг гэгч нь тэмээгээ тэгнэж, номоо ачив. Улаанбадрах сум одоо ердөө л тав орчим км гэнэ. Цуваанд орж сумын зүг хөдөллөө. Замд тус сумын удирдлагууд, иргэд, Монголын зохиолчдын эвлэлийн УЗ-ийн дарга асан Ц.Буянзаяа, гүйцэтгэх захирал М.Саруулдалай, МЗЭ-ийн шагналт Дарь Сүхбаатар, Төв номын сангийн захирал, Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт яруу найрагч В.Нэргүй, Дорноговь аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” нэгдлийн тэргүүн Ш.Энхбаяр, яруу найрагч Л.Эрдэнэбат тэргүүтэй найрагчид биднийг угтаж, сумын төв талбайд “Идэр жинчин” дуу хангинах ахуйд бид хүрч очлоо. 
Эрхэм ахынхаа хүслийг биелүүлэхдээ зөвхөн ном бус өөрсөддөө болон Улаанбадрахын хүүхдүүдэд үлгэр мэт яригдах, мартахын аргагүй дурсамжийг тээн очжээ.
Чанга яригчаар яруу найрагч Б.Ичинхорлоо, МҮОНТ-ийн нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа нарын дуу цуурайтаж, “МУСГЗ, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн, дэлхийн “Гарамгай яруу найрагч” А.Эрдэнэ-Очир анхынхаа хүслийг гүйцээж идэр жинчин баатрууд ирлээ” гэхийг нь сонсоход “Найрагч ах минь хамт явсан ч болоосой...” гэж бодогдон өөрийн эрхгүй нулимс мэлтэрсэн юм. Нөхөд маань ч чийгтсэн нүдтэй харагдсан нь миний ижил эрхэм ахаа дурссаных биз ээ. Ийнхүү тэнгэрийн хөвүүний нэгээхэн хүслийг гүйцээж, “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гийн нээлтийг хийж, Э.Цагаан-Уул, Э.Мөнх-Уул, Э.Энх-Уул нар номуудаа сургуулийн болон төв номын санд нь хүлээлгэж өглөө. Мөн “Арлааны Эрдэнэ-Очир сан”-гаас сургуулийнх нь Монгол хэлний ангийг бүрэн тохижуулж, төв номын санд шинэ тавиурууд угсарч, номоо өрсөн юм. Говийн догшин Ноён хутагтын хойд дүр “Номхон ноён хутагт” гэгдэх Арлааны Эрдэнэ-Очир найрагч үеийн үед мартагдамгүй, цагийг эзэлсэн их найрагч байж дээ.
...Аадар, хур, цас, салхи нь ч хүртэл зүрх хөдөлгөх аястай
Сүү нулимсаар бичсэн минь дуу болно
Амьд явахад эргэн тойрон сэтгэл хөдөлгөх увидастай
Сүүдэр гэрлээр миний зурсан хорвоо дууль болно...




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх