2018 он дунджаас дулаан жил болжээ

2019-01-10 10:00      ГэрэгМН

Европын холбооны “уур амьсгалын өөрчлөлтийн Коперникус төсөл”-ийн мэдэгдсэнээр, 2018 он агаарын хэмийг тэмдэглэдэг болсноос хойших дулааны хэмжээгээр дөрөвт орох жил болсон бөгөөд сүүлийн 4 жилийн ерөнхий байдлаас үзвэл түүхэнд хамгийн халуун агаартай дөрвөн жил болсон гэжээ.

Тус байгууллагын нийтэлсэн тайланд тэмдэглэснээр, 2018 онд дэлхийн бөмбөрцгийн гадаргуугийн агаарын дундаж хэм 14.7 градус байсан бөгөөд хамгийн дулаан болсон 2016 оныхоос 0.2 хэмээр бага, 2017, 2015 оны агаарын дундаж хэмээс доогуур, 1981 оноос 2010 онд хүртэлх олон жилийн дундаж үзүүлэлтээс 0.4 хэмээр өндөр байсан гэжээ.

Тайланд, олон жилийн агаарын хэмийн дундаж үзүүлэлттэй харьцуулбал, 2018 онд агаарын хэм дулаарсан үзэгдэл Арктик, ялангуяа Берингийн хоолой, түүнээс хойгуурх бүс нутаг, Свалбард арлуудын ойролцоо илэрхий байлаа. Мөн ихэнх бүс нутгийн, ялангуяа Европ тив, Дундад Дорнод, Америкийн баруун нутгийн агаарын хэм дундаж түвшнээс өндөр байсан юм. Үүнтэй харьцуулбал, Умард Америк тивийн зүүн хойд нутаг, Оросын төв нутгийн зарим бүс, Төв Азийн жилийн дундаж хэм олон жилийн дундаж түвшнээс доогуур байсан гэжээ.

2018 онд агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агуулсан хэмжээ үргэлжлэн нэмэгдэн, 2017 онд 404.1 ppm байсан нь 406.7 ppm хүртэл нэмэгдсэнийг тайланд тэмдэглэсэн байна.

Тайланд, сүүлийн 5 жилийн дэлхийн агаарын дундаж хэм аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 1.1 градусаар өндөр байлаа. 2015 онд байгуулсан уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “Парисын гэрээ”-нд, энэ зуунд дэлхийн агаарын дулааны дундаж хэмийг аж үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс 2 хэмийн дотор тогтоон барих, мөн агаарын хэм дээшлэхийг 1.5 хэмийн дотор тогтоон барихын төлөө хичээн зүтгэх хэрэгтэй гэж дурдсан байна.

"2018 онд, бид дахин нэг удаа түүхэнд маш халуун агаартай нэг жилийг тууллаа. Европ тивийн ихэнх бүс нутагт зуны улиралд ган болж, Арктикийн ойролцоох агаарын хэм дээшлэн, олны анхаарлыг татсан уур амьсгалын асуудал бүх хүмүүст сэрэмжлүүлэг юм” гэж “Уур амьсгалын өөрчлөлтийн Коперникус төсөл”-ийн захирал Жан-Ноел Тепаут мэдэгдэлдээ бичжээ.

Европын холбооноос гадна Дэлхийн Цаг уурын байгууллага, АНУ-ын Үндэсний далай тэнгис, агаарын хяналт удирдлагын товчоо зэрэг байгууллага энэ сард 2018 оны дэлхийн агаарын температурын тайлан нийтлэх гэж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх