Г.Занданшатар: Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордын өгөөжийг иргэдэд хүртээх чиглэлээр ажил хийхгүй бол хариуцлага тооцно

2019-01-07 13:02      ГэрэгМН

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын өрөөнд өнөөдөр /2019.01.07/ болсон албан уулзалтаар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлэхээр ярилцлаа. Энэ асуудлыг ирэх Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр болжээ.

2016 онд Оросын "Ростех" компанитай хийсэн "Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдах хэлцлийн үеэр "Монголын зэс" корпораци Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг мөн давхар худалдаж авсан. Гэвч, "Монголын зэс"-ийн Оростой хийсэн наймаа эдийн засаг, улс төрд багагүй дуулиан тарьснаар тус  компанийн мэдэлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг төрд 100 хувь буцаан авах тогтоолыг 2017 оны хоёрдугаар сард УИХ гаргасан.

УИХ-аас гаргасан тогтоолын дагуу 2017 оны гуравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар "Эрдэнэт-ийн 49 болон "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан. 2017 оны гуравдугаар сард Засгийн газраас гаргасан 14 дүгээр шийдвэрийн араас өрнөсөн өмчийн маргааныг өнгөрсөн 2018 онд Улсын Дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэсэн.

Улсын Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрд авах тухай Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан гаргасан ОӨУБЕГ, ТӨБЗГ-ын захирамжуудыг хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлсэн Засгийн газрын шийдвэр болон улсын бүртгэлийн гэрчилгээнээс 49 хувийн талыг хассан үйлдлийг шүүх буруутай гэж үзсэн билээ.

Тэгвэл өнгөрсөн оны намар Засгийн газраас "Монголын зэс"-ийн мэдэлд байсан тусгай зөвшөөрлийг нь "Эрдэнэс Монгол"-д 100 хувь шилжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин ирэх Лхагва гаригт У.Хүрэлсүхийн Засгийн газар Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг "Монголросцветмет" нэгдлийн 49 хувийг "Монголын зэс"-ээс авч "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд 100  хувь шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон нь энэ.  

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзахдаа ийнхүү. Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ” компанид шилжүүлэхийг үүрэг болголоо.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн байна. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын Цагаан эрэг хэмээх газарт нөхөн сэргээлт хийх нэрээр голын гольдролыг өөрчилж, байгаль орчин сүйтгэн хууль бусаар гянт болд олборлож байгааг таслан зогсоохоор боллоо.

Улсын тусгай хамгаалалттай газарт байх энэ ордыг мөн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд “Эрдэнэс МГЛ” компанид нэн даруй шилжүүлэх бэлтгэлээ хангахыг сайд Г.Занданшатар үүрэг болгов. 

Энэ долоо хоногт багтаан Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болгож байгаа аж.

"Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах"-ыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг санууллаа.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо. Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзэж байгаа аж. 

С.Баатар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх