У.Хүрэлсүх: 2019 он эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно

2019-01-01 13:12      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн шинэ жилийн мэндчилгээг хүргэж байна.

МЭНДЧИЛГЭЭ

Монгол уудам эх орондоо ажиллаж, амьдарч байгаа эрхэм хүндэт ард иргэд ээ, эх нутгаасаа алс хол өргөн дэлхийн өнцөг булан бүрд амьдран суугаа элэг нэгт монгол ахан дүүс ээ, та бүхэндээ шинэ оны баярын мэндийг хүргэж, айл өрх бүхэнд аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Улиран одож байгаа 2018 он ажил ундарсан жил байлаа. Төр улсын үндэс болсон айл өрхүүд маань 80 орчим мянган үр хүүхдээр ам бүлээ нэмж, малчин түмний маань хөдөлмөрийн үр дүнд буянт мал сүрэг маань таван төрлөөр өсөж 67 саяд хүрлээ.

Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлт 2018 онд 6.4 хувьд хүрэн засаг тасралтгүй өсч байна. Гадаад валютын нөөц 3.5 тэрбум ам.доллар болж өсөн нэмэгдлээ. Олон Улсын үнэлгээний байгууллагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийг дахин нэмэгдүүллээ. Монгол Улсын Засгийн газар түүхэн бүтээн байгуулалт болох нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг зориг гарган эхлүүллээ. Өнөөдөр тус үйлдвэрийн цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр зам, авто замын ажил 50-90 хувийн гүйцэтгэлтэй байна.

Улаанбаатар хотын 1.5 сая иргэний өмнө тулгамдсан асуудал бол Төв цэвэрлэх байгууламж байв. Сүүлийн 20 жил шийдэгдээгүй энэ асуудлыг Засгийн газар онцгой анхаарч шинэ цэвэрлэх байгууламж байгуулах ажлыг эхлүүлж мөн нийслэлийн ахуйн хэрэглээнд саарал ус ашиглах үйлдвэрийн ажлыг эхлүүллээ.

2018 онд “Монгол Улс хүнс экспортлогч орон болно” гэсэн зорилтоо хэрэгжүүлж эхэллээ. Монголчууд бид улаан буудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь дотооддоо хангаж чадлаа.

Эрхэм хүндэт ард иргэд ээ, 2018 онд шударга ёсны төлөөх салхи сэвэлзсэн он жил байлаа. 2019 ондоо нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол хүн бүр айх аюулгүй эрх чөлөөт шударга нийгэмд амьдрах учиртай. Төрд бугласан утаа мананг арилгах, монгол хүн эх орныхоо баялгийн эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид тууштай үргэлжлүүлнэ гэдгээ хэлье. 

2019 он монголчууд бидний хувьд амжилт бүтээлээ бататгасан, алдаа дутагдлаа зассан, эдийн засгаа өсгөсөн, эрх чөлөө шударга ёсыг бэхжүүлсэн он байх болно. Ирж буй шинэ ондоо иргэн бүр аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн байхын ерөөл өргөж, эх орон нэгт ахан дүүс та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

Шинэ жилийн баярын мэнд хүргэе.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх