Төрийн гацааг арилгах түүхэн үүрэг Үндсэн хуулийн цэцэд л байна

2018-12-13 09:45      Ганхуяг

-Үндсэн хуулийн цэц төрийн түжрэл, гацааг арилгах ажлаа хийнэ үү-

УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн 3 долоо хоногт ягтаа тулан зогсчихоод байна. М.Энхболдыг УИХ-ын даргаар ажиллаж байгаа нөхцөлд хуралд суухгүй хэмээн бойкот зарласан гишүүдийн тоо өчигдрийн байдлаар  39-д хүрчээ. Энэ тоо нь  байнгын хороод болон нэгдсэн  чуулган хуралдах ямар ч боломжгүй болсны илэрхийлэл.

Ингэж  улстөрийн хямрал өдөр ирэх бүр гүнзгийрэх тусам олон нийтийн дургүйцэл ихсэж, нийтийг хамарсан эсэргүүцэл ч болж мэдэхээр байна.

Тэгвэл энэ хямралаас гарах гарц нь юу вэ? Хэрвээ ажлаа шударгаар хийдэг сэн бол Үндсэн хуулийн Цэц л хямралаас гарах гарцыг зааж өгөх ёстой.Одоо ийм л гарц байна.

Үндсэн хуулийн цэц УИХ-ын дарга М.Энхболдыг Үндсэн хууль зөрчсөн,эсэхийг хэлэлцэх нөхцөл ч бүрдээд байгаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн арваннэгдүгээр сарын 28-нд Үндсэн хуулийн цэц рүү нэгэн хүсэлт илгээсэн нь УИХ-ын дарга М.ЭнхболдыгҮндсэн хууль зөрчсөн,эсэхийг хэлэлцэж дүгнэлт  гаргах тухай юм.

Ерөнхий сайдын хүсэлтэд:

УИХ-ын 2016 оны сонгуулийн үед тухайн үеийн МАН-ын удирдлагууд төрийн удирдах албан тушаалын суудлыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг босгохоор үгсэн хуйвалдсан бичлэг нийтэд цацагдсан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн хоёр дахь хэсгийн “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно” хэмээн заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн энэхүү асуудлыг чуулганаар хэлэлцүүлэхээр нэр бүхий 26 гишүүн УИХ-ын даргад энэ оны 7 дугаар сард ээлжит бус чуулган зарлах хүсэлт хүргүүлсэн. Гэвч УИХ-ын дарга тухайн үед нь ээлжит бус чуулган зарлаж, уг асуудлыг хэлэлцүүлээгүй.

Энэ нь Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн гурав дахь хэсгийн “УИХ-ын нийт гишүүдийн гуравны нэгээс олонхи нь шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэснийг зөрчсөн хэмээн Ерөнхий сайд хүсэлтдээ дурьдсан.

Гэтэл уг хүсэлтэд Үндсэн хуулийн цэц өнөөг хүртэл ямар нэг хариу өгөөгүй байна. Цэц уг хүсэлтийг хүлээж авах эсэх урьдчилан шийдвэрлэх ажиллагааг 14 хоногт явуулах ёстой. Тэр хугацаа дууссан. Гэхдээ “Тухайн өргөдөл, мэдээллийг шалгахад бусад байгууллага, албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах зэрэг бусад нэмэлт ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай бол Цэцийн дарга дээрх  хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно. Мөн тодорхой ажиллагаа хийгдэж буй тохиолдолд дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгагдах үндэслэл болдог” гэжээ.

Тэгэхдээ Монгол улсын улстөрийн нөхцөл байдал, өвлийн утааны ид үе эхэлсэн, ард түмний бухидал их байгаа энэ цагт Үндсэн хуулийн цэц уг дүгнэлт гаргуулах хүсэлтийг хурдан шийдвэрлэж асуудлыг нэг талд нь гаргах хэрэгтэй байна.

Агаарын бохирдол, утаа, хүйтэн, шатахуун, валютын үнийн өсөлт зэрэг газар авсан энэ цагт төрд үүсээд байгаа түжрэл гацааг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх “түүхэн үүрэг” тулгараад байгаа. Гэвч Цэц асуудалд нэг л назгай хандаж байх шиг.

Үнэндээ бол Цэцийн гишүүд нийгмийн олонхийн санаа бодлыг дүгнэлтдээ тусгавал энэхүү асуудлыг шийдвэрлэх боломжтой юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх