Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан төслүүдийг хэрэгжүүлдэг “Их Модун” ЖДҮХС-гаас авсан тэрбумын зээлээ төлөөгүй байна

2018-12-07 09:17      ГэрэгМН

“Их модун” ХХК-д 2013 онд 620.0 сая төгрөгийн зээлийг Жижиг,дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас  олгосон боловч тус компани зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөөгүй байхад 2014 онд 385.0 сая төгрөгийн зээлийг дахин олгосноос тухайн компанийн зээл найдваргүйд тооцогдож хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байна” хэмээн өчигдөр болсон “Жижиг,дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан:Асуудал,шийдэл”хэлэлцүүлэгт оролцож илтгэл тавьсан  Үндэсний аудитын газрын Чанарын баталгаажуулалтын албаны дарга, тэргүүлэх аудитор Ц.Батбаяр хэлэв. 

Тиймээс аудитын байгууллагаас  “2017 оны 6 дугаар сарын А/76 дугаар тушаалаар баталсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.6.1-д заасан “Санд төлөх муу зээлийн үлдэгдэлтэй бол хөнгөлөлттэй зээлд хамрагдахгүй” гэсэн заалтыг хэрэгжүүлэн ажиллах”-ыг  зөвлөмж болгосон байна.

Нийтдээ нэг тэрбум гаруй төгрөгийн зээлийг ЖДҮХС-гаас авчихаад эргэн төлөлгүй хуулийн байгууллагад шалгагдаж буй “Их модун” ХХК гэж хэний, ямар компани болохыг сураглавал багагүй мэдээлэл олдов.

Б.Цогтсэргэлэн захиралтай “Их модун” ХХК нь нэг бус удаа янз бүрээр хэл ам таталж байжээ.

Тухайлбал, Туул голын ундны усны эх ундаргад байдаг худагийг устган оронд нь барилга барих гэж байгаа тухай, Баянхонгор аймгийн төвд “Амралт зугаалгын цэцэрлэгт хүрээлэн” барих ажлыг 2015 онд хийж байхдаа ажилчдынхаа цалинг өгөхгүй луу унжсан тухай, УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Бишрэлт” группын захиалгаар обьект барих гэж гэрээ хийсэн боловч “Капитал” банкнаас  санхүүжилтээ авч чадахгүй муудалцсан, барьж буй барилгад нь хүний амь эрсэдсэн  гэх мэт асуудлууд “Их модун” ХХК-тай холбоотой.

Барилга угсралт, гадна тохижилт,ландшафт, интерьер, экстерьер,бетон зуурмагийн үйлдвэр зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани 2008 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд MSC, “Энержи ресурс” компаниудын зарим барилгын төслийн гүйцэтгэгчээр ажиллаж, улмаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан төслүүдийн гүйцэтгэгч болжээ.

Тухайлбал, 2011 онд “Их Модун” ХХК нь Цонжин болдогт байрлах “Баянгол-2” таван одтой зочид буудлыг барьжээ. Дараа нь 2013 онд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байхад Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан  суманд хэрэгжсэн  30 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй “Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр ажиллажээ.

 

 Дараа нь буюу 2018 оны аравдугаар сард Дорнод аймгийн   Халхгол суманд хэрэгжих  “Сум дундын төв-Шинэ сум” төслийн гүйцэтгэгчээр ажиллахаар шалгарч, нээлтэд оролцжээ. Уг төсөл нь Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар Монгол, Оросын   хамтын ажиллагааны хүрээнд  Халх гол суманд орчин үеийн стандарт бүхий шинэ сумын төвийг бүтээн байгуулах зорилготой. Ирэх жил тохиох Халхын голын дайны ялалтын түүхт 80 жилийн ойг угтаж хийгдэж байгаа уг томоохон  бүтээн байгуулалтад  ОХУ-ын “Роснефть” компаниас  найман сая евро буюу 24 тэрбум төгрөгийг хандивлахаар болсон мэдээ гарч байв.

“Их модун” ХХК нь ЖДҮХС-гаас хоёр удаа зээл авахдаа 2013, 2014 онд Ерөнхийлөгч Х.Баттулгыг Үйлдвэр,хөдөө аж ахуйн сайд байхад авчээ.

 

Г.Саруул




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх