Дэлхийн уур амьсгал ойжуулах арга технологийг хүртэл өөрчилж байна

2018-12-06 14:14      gereg

Монгол оронд ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажлыг 1970-аад оноос хийж эхэлсэн харьцангуй залуу салбар боловч дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан ойжуулах ажлын ололт амжилт, үр дүнг бататган шинэчлэх, сайжруулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Энэ үүднээс “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган”-ыг зохион байгуулж байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэллээ.

Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарад манай улсад ойжуулах арга технологи өөрчлөгдөж буйг өнөөдөр “Блю скай” төвд болсон “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн Үндэсний чуулган” дээр онцолж байв. Тодруулбал, өмнө нь чийг их сайтай байсан учир ойг тарьж ургуулахад амар байсан бол одоо хайлах мөс, цэвдэг нь буурч, байхгүй болон хуурайшилт их явагдаж ийм нөхцөлд ойг тариа шиг үрээр тарих, тэр ч байтугай хүлэмжинд тарих хэмжээнд очиж, үүнтэй холбоотойгоор агротехник хүртэл, усалгааны норм, тарих гүний хэмжээ хүртэл өөрчлөгдөж буйг МУИС-ийн Хэрэглээний шинжилгээний их сургуулийн захирал, ой судлаач, доктор профессор Н.Баатарбилэг хэлж байв.

Нөгөө талаар нэг га талбайг ойжуулахад зарцуулж байсан хөрөнгийн хэмжээ хүртэл өөрчлөгдөж өнөөдөр ойжуулалтад зарцуулах санхүүжилт хүрэлцэхгүй хэмжээнд хүрсэн учир хөрөнгийн нормативийг шинэчлэх шаардлага гарч ирж буйг тэрээр нэмж хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар ойчид ой модыг ил талбайд тарьж ургуулан нөхөн сэргээж буй боловч цаашид хүлэмжинд тарих, тарьцын амьдралтыг нэмэгдүүлэхийн тулд бортогонд тарих шаардлага гарч ирж байгаа аж. Учир нь ургамал ургалтын хугацаа богиносч, дээрээс чийгний хэмжээ багасч байгаа тул чийгээ хадгалах хэрэгтэй болж байна. Ойжуулалтын арга технологи ийнхүү өөрчлөгдсөнөөр богино хугацаанд сайн чанарын тарьц бэлтгэн ойжуулалтад шилжүүлэх болж байна” гэв.

Өнөөдрийн ойжуулалтын байдлыг түүнээс тодруулбал, “1990 оноос манай улс зах зээлийн системд шилжсэнээс хойш ой хяналтгүй болж их хэмжээгээр огтолсон. Дээр нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор хуурайшилт болон хүний хүчин зүйлээс болж ой их шатсан. Түймэр гарсан ойд хортон шавьж ихэсч хортон шавьжийн нөлөөнд их өртөмтгий болон автаж байна. Хортон шавьжууд боргоцойноос эхлээд модны үр их идэж байгаас үр байхгүй болж байна. Хуурайшилттай холбогдуулаад ургалт муу болж байна. Ер нь бол манай орны ой доройтож байгаа” гэв.

Өнөөдрийн “Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний чуулган” дээр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат хэлсэн үгэндээ мэргэжилтнүүдийн илтгэл дэх саналуудыг дэмжиж, дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтөөс үүдэн гарч буй хүндрэл бэрхшээлүүд нь Монгол орны төдийгүй Ази тив, дэлхийн бусад улс орнуудад тулгарч байгааг тэмдэглэж, ой мод тарих, ойг нөхөн сэргээх, ойжуулах ажил улам өндөр ач холбогдолтой чухал болж байгааг тодотгож байв.

Манай улсын хэмжээнд түймэрт 1.701.3 мянган га ой, 134,8 мянган га ой ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж, 104.8 мянган га талбайд мод бэлтгэсэн байна. Өнөөгийн байдлаар манай улсад  535 мянган га талбайд ойжуулалт хийхээр, 1.202.4 мянган га талбайд байгалийн сэргэн ургалтанд туслах ажил гүйцэтгэхээр 43.0 мянган га талбайд өсвөр модыг хамгаалах шаардлагатай байгаа талаар авах арга хэмжээний төлөвлөгөөнд тусгаад байна. Дэлхийн нийт газар нутгийн 30 орчим хувийг эзлэн ургадаг ой мод нь дэлхийн дулаарлын үндсэн шалтгааны нэг болсон нүүрс хүчлийн  хийг 80 хувь хүртэл шингээдэг байна.

Б.БИЛГҮҮН

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх