Монголбанкны зорилт 22 тонн алт 20 тонн доор бууж байна

2018-12-05 19:06      gereg

Энэ талаар өнөөдөр хуралдсан “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын бүх гишүүдийн VI хурал дээр тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэлж байв.

Тэрээр, “Энэ улирлын байдлаар манай улс 19 тонн алт олборлож тушааж, алтны нийлүүлэлт жил бүр нэмэгдэж ирсэн нь Ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 2.5 хувь болгон мөрдөж, алтны үйлдвэрлэлт өссөн нэг үр дүн юм” гэдгийг онцолж, “Энэ онд алт тушаалт 20 тоннд хүрнэ, Монголбанкны хүлээлт 22 тонн алт байсан ч энэ нь Төвбанкнаас хамаарах бус, геологи, уул уурхайн буюу өнөөдрийн нөхцөл байдлын алтны хайгуул, нөөц, олборлолттой холбоотой олборлолтын хүчин чадлын асуудал юм. 20 тонн гэдэг өөрөө харьцангуй том тоо. Дээд цэгтээ ойрхон тулж буй, чамлахааргүй үр дүн. Энэ бол валютын дүнгээр бол 800 сая ам.доллар гэсэн үг. Ийм хэмжээгээр эдийн засаг тэлнэ. Төр, засгийн үйл ажиллагаа, ялангуяа бодлого, эрхзүйн орчин нэг сайн болоод, нэг мууддаг биш, тогтвортой байх юм бол алт олборлогчид нийлүүлэлт тушаалтыг одоогийн 20 тонноос буулгахгүй барихын төлөө энэ компаниуд зүтгэж ажиллана” гэдгийг тодотгож байв.

“Геологи, уул уурхай, алтны салбарт хайгуулын үйл ажиллагаа нөөц, ашиглалт зэрэг хамаг юмыг тодорхойлж явдаг учир хайгуулын ажлыг хэн хийх вэ гэхээр энэ бол санхүүгийн хэмжээнд ч тэр том эрсдлийг дагуулж явдаг, мянган талбайгаас нэг л орд гардаг ажил бөгөөд хэрэв юм гараагүй бол тэр бүхэнд зарцуулсан хөрөнгөө буцаагаад авч чаддаггүй, “хаядаг”, ийм л өвөрмөц онцлог бүхий салбар юм. Ийм учраас энд эрсдэл хийх том хэмжээний мөнгөтэй, техник технологи, тоног төхөөрөмжийн ноу хау-тай, мэргэшсэн гадны компаниудыг оруулж ирэхэд эрхзүйн орчин нь өөрөө тааламжтай, тогтвортой байх нь чухал бөгөөд ингэж байж тэр эрсдэл, хөрөнгөөр бид нөөцөө тодорхойлж гаргаж авна. Ингэх боломж өнөөдрийн хувьд дотоодын компаниудад байхгүй байна” гэж байв.

“Өнөөдөр зарим хүмүүсийн ярьж буй хулгайгаар алт гаргаж байна гэсэн хардлага бодит амьдрал дээр байхгүй, яагаад гэвэл татварын гол эрхзүйн орчин, Монголбанкны алт худалдан авалтын аргачлал, нөхцөл байдал нь гадагшаагаа алт гаргах ямар ч ашиггүй болгосон. Өнөөдөр Монголбанк алтыг Лондонгийн металлын биржийн яг тухайн цагийнх нь ханшаар худалдан авч, газар дээр нь шууд төлбөрийг нь хийж байгаа тул хэн ч тэр Төвбанкинд алтаа тушаах нь хамгийн өндөр ашигтай байгаа” гэв.

Алт олборлогчид Засгийн газраас баталсан “Алт-2” хөтөлбөрийг дэмжиж төрийн захиргааны болон орон нутгийн удирдах байгууллагуудтай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан ажиллаж байна. Монголбанкнаас хэрэгжүүлж буй “Эх орны алтыг Эрдэнэсийн санд” тушаах аянд идэхитэй оролцож, алт олборлогчдод хөнгөлөлттэй зээл олгох асуудлыг тавьсан ч зээл олголт зорилтот үйлдвэрлэгч нарт хүрэхгүй байгаад анхааран ажиллаж байна гэж өнөөдөр хуралдсан “Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын бүх гишүүдийн VI хурал дээр тус байгууллагын Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболд хэлж байв.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх