"УИХ-ын гишүүний албан бланк дээр юм бичээд явуулснаа давуу байдлаа ашигласан, авлигын хэлбэр гэж ойлгохгүй байна"

2018-12-05 10:06      ГэрэгМН

Авлигатай тэмцэх газар /АТГ/  Азийн сан хамтран “Монгол Улс дахь авлигын  нөхцөл байдал: Судалгаа шинжилгээ-анализ” практикийн бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.

 Тус бага хурлаар сүүлийн арав гаруй жилд зохион байгуулсан авлигын талаарх  судалгааны арга зүй, үр дүнг нэгтгэн хэлэлцсэн бөгөөд авлига нэмэгдэж байна уу эсвэл гэх асуулт тойрон ярилцсан.

Аймгуудын засаг даргын тамгын газруудад шударга бус байдал нүүрлэсэн” гэж АТГ-ын  Судалгаа  шинжилгээний албаны дарга Ц.Шинэбаяр хэллээ. Тэрбээр судалгаагаар хамгийн их хүнд суртал, авлига төрийн дунд шатанд их байгааг онцолсон юм.

Мөн "Ер нь бид жижиг юмаа авлига биш гээд ойлгочихсон. Эмч, багш нарт өгдөг набороо авлига биш гээд байдаг. Түүнтэй адилхан улстөрчдийн хүрээнд ч гэсэн тогтсон буруу ойлголт байна.

ЖДҮХС-тай холбоотой дуулианаас харахад УИХ-ын гишүүний албан бланк дээр юм бичээд явуулснаа давуу байдлаа ашигласан, авлигын хэлбэр гэж ойлгохгүй байна. 

Үүнийг улстөрчид бизнесийг дэмжиж байна гэж хараад байна. Эхнэрийнх нь ч юм уу танил талынх нь компани ЖДҮХС-гаас зээл авсан байвал надад хамаагүй гээд байдаг. Тэгэхээр улстөрчдөд ашиг сонирхлын зөрчил гэдэг ойлголт алга" хэмээн Азийн сангийн засаглалын хөтөлбөрийн менежер А.Баянмөнх хэлсэн.

Энэ жил шударга бус байдлын  үнэлгээний судалгааг гурав дахь удаагаа хөндлөнгийн байгууллагаар хийлгэсэн байна.  2018 оны судалгааны дүн өмнөх 2016 онд хийсэн судалгааны дүнгээс буурсан үзүүлэлтэй байна. Тухайлбал төрийн байгууллагуудын  шударга байдал алдагдсан гэж судалгаанд оролцогчид үзжээ. Мөн ёс зүй, удирдлагын манлайлал нь буурсан байна. Төрийн байгууллагын   шударга байдал буурна гэдэг нь авлига авч, өгөх асуудал нэмэгдсэн гэсэн үг гэнэ. Авлигын асуудал ойрын  2-3 жилд  буурахгүй нь гэж судлаачид үзсэн. Энэхүү судалгаа нь яам агентлаг засаг дарга нарын  үйл ажиллагааг үнэлэхээс гадна төрийн ажиллагаанд тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгсөн хэрэг юм.

Судалгаанаас харахад төрийн байгууллагуудад ил тод байдал муу байгаа аж. Хоёрдугаарт,  авлигатай тэмцэх удирдлагын хүсэл эрмэлзэл тааруухан байгааг  дотроо ажиллаж буй ажилчид нь өөрсдөө хэлж байна. Ил тод байдал муу гэдгийг  тухайн байгууллагаас үйлчилгээ авсан иргэд бас шүүмжилж байгаа. Тиймээс авлига буурахгүй байгаа ажээ

Хурлын  үеэр  “Монгол Улсад авлига өргөн тархсан гэдгийг сонссон иргэн төрийн байгууллагаас үйлчилгээ авахдаа “Авлига өгөхгүй бол болохгүй” гэсэн бодолтой очдог бол  нөгөө талаас төрийн алба хаагч “Авлига нэгэнт өргөн тархсан юм чинь би нэг хэсэг нь байж яагаад болохгүй юм” ч гэдэг бодолтой болсныг онцолсон. 

Түүнчлэн   авлигыг  улс төрийн  хууль гаргах түвшний болон  захиргааны жижиг гудамжны авлига гэж ангилан  авч үздэг аж.  Захиргааны түвшний авлигыг АТГ ямар нэгэн хэмжээгээр барьж чадаж байна.  Харин улс төрийн хүрээн дахь авлигыг хазаарлаж чадахгүй байна гэж байлаа.

И.Болд




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх