Их хүрээнээс Сандо амбаныг хөөн зайлуулсан өдөр

2018-12-01 12:49      ГэрэгМН

1911.12.01 Монгол Улсаас буюу Нийслэл хүрээнээс Манжийн амбан Сандог хөөн гаргасан өдөр тохиож байна. 1690-ээд оноос 200 гаруй жил Монголд ноёрхсон Манжийн дарлал эцэс боллоо.

Сандо амбан 1909 онд Ар Монголд суух амбан сайдаар томилогдсон байна. Энд байхдаа Манж чин улсын шинэ засгийн бодлогыг монголд хүчээр хэрэгжүүлэхийг оролдсон боловч Богд гэгээн болон монголын ноёд, лам нарын болон ард түмний хүчтэй эсэргүүцэлтэй тулгарчээ. 

Энэ үед 1911 онд Манжийн ноёрхолыг хятадад унагах тэмцэл болж байсан цаг. 1911 оны 12 сарын 1 буюу Цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын 13-ний өглөө Халхын Хүрээний бүх хэргийг түр удирдан шийдэх газар буюу Түр засгийн газраас Түшээт хан аймгийн чуулган дарга Чагдаржав, мөн аймгийн жанжин чин ван Ханддорж, Сэцэн хан аймгийн чуулганы дэд дарга Гомбосүрэн, тус аймгийн жанжин Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай, Да лам Цэрэнчимэд нар Манжийн Сандо амбаныг 3 хоногийн хугацаанд Монгол газар улс орноос гарч явахыг тулган шаарджээ. 

Сандо амбан мөн өдрөө Оросын консулд очиж хамгаалалт хүсэж, консулын байранд хоноод 12 сарын 4-ний өдөр Хиагтаар дамжин Манжуур руу буцжээ. 
Сандо амбан Хүрээнээс хөөгдөөд буцаж явах замдаа Харбин хотод Японы сэтгүүлчид өгсөн ярилцлага нь Японы архивт байгаагаас үзвэл: “Сандо миний бие хэргийг шийтгэгч сайдаар хоёр жилийн хугацааг Их Хүрээнд өнгөрөөсөн боловч тэр хугацаанд нэг ч удаа хоолоо тавтай идэж үзсэнгүй. Учир нь Монголд манай ордны сүр хүч хүрэхгүй тул Монголын хутагтын дарангуйлал хэтэрхий бөгөөд хөрш орон болох Оросын оролцоо туйлдаа хүрсэн” гэж хэлсэн бий.

Сандо амбанг Хүрээнээс хөөгдсөний дараа монголчуудын дунд “Үдэш болгон ноцоод байдаг Үмхий лаамп нь унтраа биз ээ Үй олныг жанжлаад байдаг өнөө муу амбан чинь хайчсан билээ хө” гэсэн хошин дуу гарсан гэдэг.

Халхын дөрвөн аймгийн хан, ван, бээс, гүн, засаг, хамба, Шанзодва, да лам нараас Монгол Улс Манжаас тусгаарласан тухай ухуулах бичгийг гаргаж, аймаг хошуудад тараав. Их Хүрээнд “Бүгд хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газрыг” байгуулж, улсын хэрэг шийтгэх болсныг зарлан мэдэгдэв.

Уг газрыг Түшээт хан аймгийн чуулган дарга Түшээ гүн Чагдаржав, мөн аймгийн жанжин чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, жун ван Гомбосүрэн, жанжин хэбэй бэйс Гомбосүрэн, ван Цэрэнсодном, гүн Намсрай нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх