Ирж яваа цаг

2018-11-25 22:36      Түдэв
Л. Түдэв Соён гэгээрүүлэгч  

УДИРТГАЛ

Маргааш юу болохыг бид өнөөдөр огтхон ч үл мэдмү. (Today we know nothing of tomorrow). Гэвч мэдэхийн хүсэл хүн бүхэнд бий.

Сэтгэлгээнийхээ олон төрлөөр маргааш, тэр байтугай нөгөөдөр юу болдог бол гэж хүн бүхэн боддог. Тийм төрөл зүйлийг зөгнөл, зөн мөрөөдөл, хүслэн, таамнал, совин, далдыг мэдрэх зэрэг янз бүрээр нэрлэдэг. Тэр ч байтугай таамнал буюу таамнал зүй гэхээр ч хэлбэрээр /шагай орхих, зүү хаях, зоос гүйлгэх/ гэхчилэн таамнал тавьдаг ч удаа бий. Гэвч тэр бүхэн нь төгөлдөр биш гэхэд ойролцоо совин болон дутмагаараа үлддэг ажээ.

Харин шинжлэх ухааны үндэслэл дээр хийсэн зөгнөл бол ирээдүйд болох, болж мэдэх хэрэг явдлыг нилээн үндэслэлтэй, заримдаа үнэн болж хувирах хэмжээг хэлж чадах юм.

Буцаж буй өнөөдөр

Өчигдөр дээр өнөөдөр, өнөөдөр дээр маргааш үндсэлдэг хэрэг явдлыг хүн өөрөө үйлдэж, өөрөө ашиг болоод хохирлыг  нь үзэж сургамж авдаг билээ. Үүнийг хоёрхон буюу хорь, хорин нэгдүгээр зуунаар тоймлоод бодоод үзье.

Хорьдугаар зуунд хүн юу олов?

-Агуу их нээлтүүдийг хийв.

Үүнд:

  • а. Гелийн хэт урсгал чанар
  • б. Металийн хэт дамжуулах чнар
  • в. Квантын цахилгаан динамик хромодинамика
  • г. Хоосон зай вакум цахилгаанжилт султай модель

-Агуу их эрдэмтэй болов.

  •             а. Нильс бор, Эйнштейн
  •             б. Улс төрд Карл Маркс, Ф. Энгельс, В. Ленин
  •             в. Жүжигчид Чарли Чаплин, Аркадий Райкин, Мейланьфан

-Тахин шүтэгдсэн удирдагчид

  •             а. И.Сталин. Гитлер

-Дэлхийн хэмжээний дайн

  •             а.хоёр удаагийн
  •             б. Цуврал хувьсгалууд
  •             в. Намчлал / партократия/
  •             г. Ардчилал / демократия/

-Хүн хүнийхээ эсрэг зэвсэглэв.

  •             А. Цөмийн болон улс төрчийн бөмбөг
  •             Б. Химийн элдэв хорнууд
  •             В. Зөвхөн II дайн 80 сая хүний амийг аваачлаа.

Нийгмийн спид өвчин дэлгэрэв. Удирдагчдаа дахин шүтэх зангаасаа салцгааж эхлэв. Эв хамтын нийгэм буй болгох орлолдлого бүдрэв. Өнгөрөн одож буй өчигдөр маань өв хөрөнгө үлдээгээд явчихлаа. Явчихлаа ч гэж сүнс сүлд нь тасраагүй л байна.

  • Эрин зуунаа манай гэж тоолох болсныг 700 дахь жилд төмрийн үе буюу төмөр эзэмшиж эд хэрэглэл зэвсэг хийх болсон ололтын эхэн
  • 1500 дахь жил нь эхлэхэд газарзүйн шинэ нээлт хийцгээж, анхны үйлдвэржилт сууриа таввсан цаг. Бас ном хэвлэж сурсан үе юм.
  • 1830-1840 он гэхэд усны уураар болон цахилгаан эрчим хүчээр юм хийж сурсан цаг.
  • 1950 он болоход анхны цахилгаан тооцоолох машин улмаар цахим компьютер хийж эхэлсэн хэрэг. Мэдээллийн Хувьсгал гарч эхэлсэн нь тэр. Мэдээллийн зуун гаргахын дохио болсон юм.

            Орон сууцны тухайд гэвэл Төв Азийн монголчуудаас шавар нухаж, тоосго чулуу наалдуулан хана босгож дээврийг төмөр, модоор хийж хажуу хананд нь цонх гаргаад энэ л загвараараа дөрвөн хананы дунд аж төрсөөр олон зууныг элээж, нэг дор овооролдон сууснаар тосгон, дараа нь хот болсон нь өнөө хүртэл өөр загвар олоогүй юм.

Харин монголчууд бол тэс өөрөөр бодож, сүлжмэл бургасаар сараалжин ханыг босгон, дугуйруулан холбоод дээд ацанд нь модон унь суулгаж төв оройд нь тооныг модоор дүгрэглэн үйлдэж унины үзүүр сүлбэн тогтоож гэр болгоод өвөлд нь давхар эсгийгээр, зунд нь эсгийгээр бүрж өвөрмөц сууцтай олон зууныг дамжин аж төрсөөр.

Гэрийнхээ тооноор ямагт дээд тэнгэрийг харж, /эхээс дөнгөж төрөх цагаас/ цэвэр агаараар дутахгүй бас бороо орвол налуу дээврийг нь даган доош буудаг ус нь дусаал болон дотогш нэвтэрдэггүй, ачаалаад нүүхэд хөнгөхөн.

Угсраад барихад хэдхэн хором хэрэгтэй онцлог орогнолтой болсоор хэдэн мянганы нүүр үзэв.

Шавар байшинд суугчид эрүүл агаар агаар дутаж, нэг газраас өөр тийш шилжих боломжгүй байсаар нэг дор олон шавар тагз барьж цогц болсон нь өнөө ч хэвээр. Тийм сууцыг нүдээр үзэж биеэр мэдэрсэн Монгол их эзэн Чингис хаан “Шавар тагзанд шавааралдваас Монгол Монголоо алдмой” гэж захисан билээ.

            Орчин цагийн их соёлжсон гэгдэх Европ, Африк, Америк, Австрали,Азийнхан хорин нэгдүгээр зууны эхэн цагаас хотожсон амдьралд уйдаж,бас бие бялдарт нь сайн бус нөлөө ихтэй тул дэлхийн томоохон хотын чинээлгүүд нь зугтааж эхлэв.

             Хотынхон байгаль эхээсээ холдож, өнчирсөн хүмүүс.Өнчирлөөс зугтах хоёр арга байгаагийн нэг нь аялал жуулчилал юм.  

Хот гэдэг бол голын эргээс эхлээд зүлэгт талбай нь хүртэл асфальтан хучлагатай, хөхөө шувууны донгодох дуу, зүлэг ногооны анхилах үнэргүй алсын хараа нь, сонор сонсгол нь техникийн хиймэл дуу чимээнд аажмаар хөнөөгдөж дүлийрч, хараа мууддаг тийм орчин юм.

             Ийм аюултай орчноос зугтаж, түр ч гэсэн амсхийх шилдэг биш ч гэсэн боломжтой арга бол аялал жуулчлал гэдгийг 2000 онд 700 сая хүн жуулчилсан /давхардсан тоогоор/ бол арван жилийн дараа дэлхий даяар нэг их наяд тооны аялал жуулчлагчид бүртгэгджээ. Амсхийж, дэлхий ээждээ түр тэврүүлэх нөгөө арга нь түр зуурын зуслан юм.

Харин монголчууд, ялангуяа малчид маань байгаль ээжийнхээ энгэрт, өвөр дээр нь эсгий гэрээс өөр тусгаарлагчгүй жаргасаар байгаа нь “шавар байшинд шавааралдваас Монголоо алдана” гэсэн өвөг дээдсийн сургаалийн нэг ач юмаа.

Гэхдээ энэ сургаалийг умартаж хотожсон гүрнүүдийг хийрхэн дуурайсан мэтээр улсынхаа нийслэлд хүн амын тэн хагас нь шавааралдан бөөгнөрсөн, тиймд хүргэсэн эрх баригчдын лай ланчиг алхам тутамд тулгарч байх болсон нь хямрах, хоосрох, өвдөх, зовохын гол шалтгаан болж байх юм. Ядаж нийслэлээ “Улаанбаатар муж” болгож Төв аймагтай нэгтгэн том айлын хэмжээнд хүн амаа тараан байгуулах сан. /ийм саналыг дээр үед “ Дал” сонинд нийтэлж билээ./

            Өргөн чөлөөтэй, ариун сайхан нөхцөлд аж төрж байснаа дур зоргоороо орхиж эзгүйдүүлж нэгэн хонхорт монголчууд овооролдож байхыг нь хүн ам нь багтахгүй болсон гадна дотнын хуйвалдаан, үгсэл, түрэмгийлэлд хавчигдан нутгаасаа зугтаж дүрвэгсдийг хийх газраа эрж буй өрнөдийнхөнд “ хорхойсмоор “ түрээслэх юмуу бусад арга хэлбэрээр эзэгнэмээр,тийм төсөл хийе гэж Их британийн лордын танхимд яригдсан ч удаа бийгээс гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга нь 3000 дүрвэгч манайхыг аваач гэж хэдэнтээ санал тавьсан гэдэг.

Энэ маягийн санаархал цааш цаашдаа тасрахгүй байж мэднэ. Дэлхийн хүн амын өсөлт хүмүүсийн нас уртсах зэрэг үзүүлэлт бас умайн бус үр тээх мэтээс болж дэлхийн даац хүрэхээ байж ч мэдэх юм,

                                                Соёлжитын дотоод өвчин

/Техник, шинжлэх ухааны ирээдүйн тухайд өөр бичлэгт бий/

  1. Соёлжилт нь гаднах сайн талаасаа биш дотоод сул тал нь аюултай.


Үүнд:

  • А. хүчин чадал, зэвсэгтээ эрдэж дайн дэгдээх
  • Б. Олон улсын хэмжээний түрэмгийлэл / Африкт эхэлсэн/
  • В. Биологийн болон мэдээллийн түрэмгийлэл

        2. Соёлжилтын бүлэглэн хувиа бодох үйлдэл хүчээ авах

Үүнд: хамтарсан бүлэг, /корпоративный/ эсвэл төрийн нэгдэлжилт /НАТО, СЭВ, Европын Холбоо гэхчилэн/

  1. Соёлжилтын дур зоргын мөлжлөг

Үүнд: экологийн эзэрхийлэл/ ой мод, уул уурхай, газрын тос/нефьт/ усаар тоглох, цөлжүүлэх/

Үүний зохицуулалт нь бүх нийтийн ойлголцол, харилцан хийх ухаалаг үйлчилгээ юм.

Дотоод өвчин нь соёлтойгаасоо эхлээд бүдүүлэг улс орныг аль алиныг хэвтэрт оруулна. Хорин нэгдүгээр зуунаас хэтрэхгүй, одоо чхүндрээд байгаа энэ өвчнийг өөрсдөө анагаахгүй бол хүн төрөлхтөнг, өлгий болсон хорвоотой нь хөмрөх аюултай юм.

Цөвийн цагийн муу ер нь хүний зан эвдэрч элдэв муу гэгдсэн бүхэн хөөрнө.

Байгалийн баялгаа дотор гаднаас нь хайргүй хөнөөж, ан амьтныг нэдэрч, ДОХ,САРС гэгдэх өвчинд өөрсдөө нидрүүлж, архидах, завхайрах, мансуурахад автагдан ахиад “зэрлэгших” замд орно.

Илүү зоригтой нь аврал эрж сансарт тэмүүлнэ. Гэвч сансрын ертөнцийг “сансарын бичиг” мэдэхгүйгээр зорих нь аврал биш аюулд хүргэж мэднэ.

Гэвч сансар таг чиг. Эсвэл түүний мэдээллийг сонсох чих одоохондоо хүний толгойд алга байна.

Цахимчлахын халдвар

Хорьдугаар зууны дунд үе гэхэд л монголчууд “утсаар ярина”, “утас цохино” гэдэг яриаг дарга нараасаа анх сонсож билээ. Утсаар яаж ярьдаг юм болоо гэж эгэл малчид гайхаж байлаа. “Яахав, төмөр утас модон баганын оройгоор татаж үзүүрт нь тусгай чагнуур. Тэгээд хотоос аймаг, аймгаас сумын хүмүүс дэргэдээ байгаа юм шиг ярьдаг болж эхэллээ шүү дээ” гэж дарга нь тайлбарлахад сумын малчин ойлголгүй тасарч байлаа. Тэгэхээр дарга үнэмшүүлэхийн тулд “За би Баянхонгор аймгийн даргатай утсаар яриатхъя”  гээд утасны аппаратаа авч нэг годгор юмыг нь эргүүлээд

  • Байна уу? Баянхонгороо? байна уу, Баянхонгороо гэж хашгирч байгаад

Тэгснээ дуугаа намсгаж

  • Хантайшираас ярьж байна. Балган байна. Сайн уу, хө гээд л ярьж эхлэв.

Түүнийг сонссон малчин өвөө бүр гайхаж толгой сэгсрэн:

  • Тэр холоос ярьж байгаа хэрэг үү? Гэхэд
  • Тиймээ. Шонд татсан төмөр утсаар...

Утсаар ярина, утас цохино гэж ийм юм нэвтэрлээ шүү дээ гэж дарга нь баясахад өвгөн сая үнэмшив.

Энэ явдлаас хойш хэдэн арван жил өнгөрөөд байтал ач хүү нь “цахимаар ярина” гэх нь тэр.

Хотын хүн болчихсон, тэднийд өвөө нь айлчилж очоод байсан хэрэг.

  • Цахимаар ярина гэдэг чинь юу гэсэн үг вэ? Цахилгаанаар гэсэн хэрэг үү? Гэж өвөө нь лавлахад
  • Бараг л тиймдээ. Гэхдээ электроник юм л даа.

За би таныг ирлээ гээд аавыг дуудаадхья гэж ач хэлээд нэг жижигхэн хар хайрцаг дээр хуруугаараа хэд хэд дараад “ За хэлчихлээ” гэв.

  • Дуугардаггүй юмуу гэж өвөө асуухад
  • Дуу муу хэрэггүй. Та хар  л даа энэ шилэн нүүрэн дээр бичээстэй байгаа биздээ гэв.

Өвөө нь тэр шилэн нүүрэн дээр байгаа бичгийг олж уншаад:

  • Одоо үүгээр чинь албаны ажил хэрэгтэй л холбоо барьдаг биздээ ? гэсэнд
  • Фейсбүүктэй хэн ч ярьж бичиж болно.

Хүүхдүүд хүртэл фейсбүүктэй болж байгаа шүү дээ гэсэнд өвгөн

  • Юу? Писбук гэнэ үү? Гэхэд
  • Писбук биш Фейсбүүк. Нүүр ном гэсэн үг л дээ гэв. Энэ хоёрыг ингэж ярьж байтал хүүгийн аав  маш ууртай орж ирэв.
  • Сайн юмыг заавал саар талаар нь ашиглах гэдэг энэ бүдүүлэг монголчуудаа яая даа байз гэж тэр гутлаа солих зуур үглэв.
  • Яачихав? Гэж өвөө нь товч асуухад
  • Өө, хүмүүжил соёлгүйгээ харуулах гэсэн юм уу нэг этгээд фейсбүүкээрээ л хүн доромжилж байхгүй юу? Бүр түгээмэл өвчин болох нь ээ гэж албан ажилтай хүү нь толгой сэгсрэв.

... шинэ зууны эхний хэдхэн жилд Монголд цахим холбооны зүйл нэвтэрч эхэлсэн бөгөөд сайт, фейсбүүк, твитер, сошиал гэхчилэн олон хэлбэр төрх бүхий хэрэгслүүд нэвтэрсэн нь сайн хэрэг боловч “цахим шантааж” гэдэг урьд байгаагүй бас хяналт, зохицуулалтгүй,хариуцлагагүй бараг л “сэтгэцийн өвчний” хэлбэрт шилжээд байгаа нь гоцтой үзэгдэл юм.

            Зуун дамжин гол төлөв албан хаагчдад халдварлаж ирсэн партократия /намчирхал/ өвчнөөс салж ядаж байхад түүнээс ч түгээмэл, илүү халвартай цахим холбооны хэрэглэлүүдийн замбараагүй хяналтгүй, тэр тусмаа учир мэдэхгүй багачууд хүүхдүүдэд чөлөөтэй, бараг л тоглоом шиг хэрэглүүлсний тарьж буй олон гай, зовлонгийн зөвхөн нэгийг нь дурдвал “сэтгэцийн өвчин” болж байна.

Манай хүн амын хүүхэд бага насныхан, залуучуудын олон хувь нь сэтгэцийн өвчлөлтэй, гажигтай 50 мянган хүний дөчин хувь нь тэд болчихлоо.

Өөрийнхөө зургийг авч байнга нийтийн сүлжээнд  тавьдаг болчихсон хүүхэд сельфист өвчинтэй болж буй хэрэг. Өдөрт дөрөв хүртэл удаа зургаа давтан тавьдаг бол тэр хүүхэд /хүн/ хэвийн бус байгаагийн илрэл гэж эмч, эрдэмтний дүгнэлт гарчээ.

Фейсбүүк,твитер, инстеграммын муу нөлөө бас дээр нь Солонгос зэрэг гадаад улсуудаас бараг л хаягдал дээрээс кино авчирч Монголын телевиз, кино театраар өдөр алгасахгүй шахам цацдаг нь нэрмээс болж залуу үег сэтгэлийн хямралд оруулж байна.

Энэ утгаар үзвэл АНУ-д дөрвөн минут тутам ТV-ээр хүчирхийлэл,аллагын айдас бүхий кино харсаар 18 нас хүрэхэд 100 гаруй тийм   үзвэр үзсэн байна гэсэн мэдээг манайх сүүлийн үед бараг л гүйцэж түрүүлэхдээ хүрчээ.

Гэтэл өнөөх эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч ийм хөнөөлийг зогсоох нь бүү хэл дургүйцэж сэтгэгдлээ илэрхийлж, үр хүүхдээ сэтгэхүйн бохирдлоос хамгаалах талаар хар цагаан дуугүй сууцгаах нь гайхалтай. Зүй нь тэд л сүрт жагсаал, цуглаан хийж ийм явдалтай юун түрүүн тэмцмээр юмсан.

             Уул нь Монгол улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуультай”,түүнийг хэрэгжүүлэх Засгийн газрын/2002/ хөтөлбөрийг аль эрт гаргасан.

                                                Хаалгаар шагайж буй маргааш

  • “Орон бүхний пролетари нар нэгдэхтүн ” гэдэг уриагаа мартаж эхлэв.
  • Эв хамт /социализм/ “нийгэм журамт” /коммунизм/ гэдэг мөрөөдөл мухардаж, эв нэгдэлгүй, нийгмээрээ цурамгүй үзэгдэл тайзан дээр гарч эхлэв.
  • “Маргааш шиг ойрхон юмгүй. Яагаад гэвэл тэр ирж явна”.
  • “Сансарт ниснэ” гэдэг гэдэг маргаашийн хэрэг байлаа. “Цахим холбоо” тогтоно” гэдэг бас санашгүй зүйл байлаа.
  • Партикратия намчирхалаас илүү халдвартай Телекратия /зураглалт/ бараг л хүн бүрийн гарт атгаастай байх болов.
  • Анхаарах ёстой хүмүүс нь тоохгүй явсаар байтал нь “цахим сэтгүүлзүй” буй болж бодит сэтгүүл зүйн салбарыг бүхэлд нь татаж унагах зүг ойртоод байна. Соёлтой орнууд “цахим зурагчлалын” зохицуулалт хяналт хэдийнэ буй болгочихоод байна.
  • “Цахим бичлэгүүдийг” хувь хүн дур дураараа элдэвлэн түгээж байгаа нь нийгмийн сэтгэлгээнд буруу хазгай ташаа бас санаатай заналхийлэл, дарамтлал буй болгох мөн гүтгэлэг доромжлол хов живийн “чөлөөтэй нүх сүв” хэмжээнд хүрснийг анхаарахыг үндэстний эрх ашиг шаардаж байна.
  • Цахим дайн хэдэнтээ болох шинжтэй цаг үе эхлэвэй.

Хүн өөртөө дайсан бүтээхүй

Хүний бүтээл нь өөрт нь дайсан болж мэдэх цаг айсуй. Хүн төрөлхтөн өөрөө өөртөө дайсагнах зэвсэг бэлдсээр ирсний түрүүч нь биш дундаж нь цөмийн бөмбөг юм. Гэвч түүнийгээ ганц удаа хэрэглээд ахин тэслэхээ хориглосоор хагас зуун илүү хугацааг өнгөрөөлөө.

Энэ завсар шинжлэх ухаан, техник технологийн хөгжлүүд одоо гурван том ололтын сэжүүрээс атгаж авчихаад байцгааж байна.

  • Нэгдүгээрх нь генетика буюу гарвал зүйн ухаан,
  • Хоёр дахь  нь робот техник,
  • Гурав дахь нь нано технология /бичил арга ухаан/ юм.

Гарвал зүйн ухааныг хөгжүүлж хүн амьтан, мал ахуйг зөвхөн үрээр нь үржүүлж чадах хэмжээнд хүрлээ. Үр байгаа цагт түүнийг шилэн хоргонд үржүүлээд хүн болгоод босгоод ирнэ.

АНУ-д крио банк буюу үрийн банк байгуулж сайн эрчүүдийн үрийн донор буй болгож багагүй үрийн нөөцтэй болсон.

Оросууд мөн удалгүй үрийн банк байгуулаад бие оюун сайтай хүмүүсээс үрийг нь авч банклаж түрүүчийн нэг эмэгтэй тийм үрээр жирэмсэлсэн нь найман ихэрээр, илүү хүүхэд төрүүлсэн.

Хүний үрийн хадгаламжнаас жирэмслүүлэх байтугай эхийн хээлний нөхцөлийг бүрдүүлсэн хиймэл орчинд ч үржүүлэн хүн төрүүлэх боломжтойг нэгэнт судлаад зогсохгүй малыг мөн ийм аргаар үржүүлж мах, арьс, ноос, ноолуур бэлтгэх боломжтойг тогтоож туршиж бцй орнууд гарлаа.

Хэн ч мэдээгүй байхад хэдэн зуун авь адилхан царай зүстэй цэрэг эрсийг бий болгоод дайнд оруулах магадлалтай нь ойлгогдлоо. Эх, эцэггүй зохиомол орчинд буй болсон хүн ямар ч тушаалыг биелүүлж, ямар ч аюулыг хийж чадах нь мэдээж. Тэрхүү донор цэргүүдэд роботоор  бэлтгэсэн тусгай цэргүүдийг туслах хүчээр нийлүүлбэл  аймшигтай их хүчтэн болно.

Ингэж ярихад биелэшгүй зөгнөлт зохиолын сэдэв мэт санагдана. Гэвч хиймэл эхийн хэвлийд үржүүлж гаргасан хүн, мөн аль ч боловсролтой хүнээс дутахгүй робот хүн их гүрнүүдэд бодитойгор гарчихсан байж л байна.

Үүн дээр нанотехнологи буюу бичил технологийн хөгжил нь эрчимжиж байгаа онолын үед нано роботыг үйлдвэрлэх нь тодорхой. Хэрэв цөмийн бөмбөг бусад зэвсэгнээс биеэ хамгаалах боломж байдаг бол нано роботоос нуугдах, зугтах арга байхгүй.

Тоос, шорооноос цэцгийн үрнээс томгүй нано роботууд илгээсэн террористуудын юмуу дайсагнагчийнхаа чиглүүлэн тогтоосон, гарвалын онцлогтой, зүс царай ялгаатай хүмүүсийг шууд л устгах болно.

Цөмийн нууцыг анх нээсэн өрнөдийн эрдэмтэн нэг л мэдсэн Хиросима, Нагасаки арлууд дээр АНУ цөмийн бөмбөг хаяж үй олон гэмгүй хүнийг орон сууц эд баялагтай нь үнсэн товорго болгочих юм гэж тэр үедээ бодоогүй л байх л даа.

Одоо үед хүн амьтан байтугай хүнсний ургамал, ногооны 150 төрөл зүйлийн гарвал өөрчлөлтөд оруулж худалдаа үйлчилгээнд АНУ оруулчихаад европчуудын эсэргүүцлийг тоох ч үгүй Биль Гейтс хүртэл өлсгөлөн хүмүүсийг тэжээхэд хэрэгтэй гээд дэмжээд байгаа гээд л бодоцгоо л доо.

Хэдхэн хүн мэддэг ч олонхи хүмүүс үл гадарлах, зөвхөн шинэ нээлт л гэж ойлгох хэмжээний зүйл нь сайн болоод саар талтайг тал бүрээс нь  эргэцүүлэн бодох санаа, чадвар дутвал хийсэн зүйл маань хүйс тэмтрэхэд хүргэж мэдэх аюул нь сүлжээлэгдсэн нийгэм юм шүү, хүмүүсээ.     




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bor zurh

mongol uls uruugaa unahiin ehlel ene huniig mongol ulsiin eronhiilogchoor songoogui shawar arslan hulagiachiig songosnoos ehleletei gediig mongolchuud ueiin uedee sanaj yaw.

2018-12-05 16:16    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх