Бурхан халдун хайрхны тахилгын цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босголоо

2018-11-22 17:19      ГэрэгМН

ХБНГУ-ын Бонн хотноо 2015 оны зургаадугаар сарын 28-наас 7 дугаар сарын 8-ны хооронд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39 дүгээр чуулган болж уг чуулганаар “Бурхан халдун” уулыг Дэлхийн өвд бүртгэсэн билээ. Энэ нь Чингис хааны намтар түүхтэй холбоотой түүх, соёлын өвийг судалж тогтоох, хадгалж хамгаалах, дэлхий дахинаа сурталчлан алдаршуулахад үнэтэй хувь нэмэр болсон юм.

1995 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бурхан Халдун уулыг төрийн тахилгат уул болгосон бөгөөд 2013 онд Засгийн газрын тогтоолоор Бурхан Халдуныг Үндэсний бахархалт хайрхнаар өргөмжилсөн байдаг.

Энэ удаад БНСУ-ын Үндэсний паркийн захиргаа, Монгол Улсын Байгаль орчны яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр, БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Квон Кюун-Ап бха-аар ахлуулсан ажлын хэсэг болон Сорагсаны тусгай хамгаалалттай газрын төлөөлөгчид Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөөг нээх ёслолд оролцлоо.

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Хэрлэнгийн дээд Цагаан аралд босгож буй Бурхан Халдун хайрханы гэрэлт хөшөө нь 4 м өндөр, 1.6м өргөнтэй юм.

Чингис хаан эрт дээр үеэс Бурхан халдун ууланд гарахгүйгээр хөшөөг босгосон Хэрлэнгийн дээд Цагаан аралд алсаас  тахин шүтэж хайрханы онгон дагшин байдлыг хадгалан хамгаалж ирсэн түүхтэй юм. Тиймээс ард иргэд, тахин шүтэгчдийг хайрханаас 40 км зайд байрлах энэхүү газраас өргөл, барьц, зан үйлээ хийж Дэлхийн өвийг хадгалан хамгаалахыг уриалж байсан юм.

БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр "БОАЖЯ, БНСУ-ын үндэсний паркийн захиргаатай хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой төлөвлөгөөний дагуу ажлуудыг хийж байгаагийн нэг нь энэ болж байна. Бурхан Халдун хайрханы тайлга хийх ёслолын цэгт Чингис хааны алтан гэрэгэ бүхий гэрэлт хөшөөг босгосноор энэ чиглэлийн аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх, цаашлаад тусгай хамгаалалттай газрын онгон дагшин байдлыг хадгалан, хамгаалах зэрэг чухал ач холбогдолтой юм. Яамны зүгээс тусгай хамгаалалттай газар нутгийн тоог нэмэгдүүлэх, хамгаалалтын үйл ажиллагааг сайжруулах ажлуудыг бодлогын хүрээнд хийж байна" гэв.

Мөн энэ үеэр БНСУ-ын Үндэсний паркийн захиргааны дарга Квон Кюун-Ап бха хоёр улсын байгаль орчны чиглэлээрх хамтын ажиллагааны хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, байгалийн нөхөн сэргээлт хийх зэрэгт цаашид улам өргөн хүрээнд хамтран ажиллана гэдгээ хэллээ.

Эх сурвалж: БОАЖЯ

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх